Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Би Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүд дунд Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогтын нэр дурдагдах болсон. Түүнээс Хөгжлийн банкнаас зээл авсан эсэх мөн Хилийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар тодрууллаа.

-Хөгжлийн банкны шалгалтын дүнг нээлттэй танилцуулахгүй хойшлуулаад байгаа нь УИХ-ын гишүүд өөрсдөө тус банкнаас зээл авсантай холбоотой гэсэн мэдээлэл олон нийтийн дунд байна. Зээл авсан гэх гишүүдийн дунд таны нэр ч бас байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хөгжлийн банкнаас С.Бямбацогт миний бие болон гэр бүлийн гишүүд, миний хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй. 2015 онд Хөгжлийн банкийг шалгая гэж байхад энэ асуудал яригдаж эхэлсэн. Энэ үед нь би Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурор, Хөгжлийн банканд хандаж “Надтай холбоотой зээлийн асуудал байна уу, хууль бусаар албан тушаал, эрх мэдлээ ашигласан зүйл байна уу, шалгаж өгөөч” гэж өөрийгөө шалгуулахаар хандсан. 

Ингэхэд Хөгжлийн банкнаас “Таньтай холбоотой зээл байхгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. АТГ, Нийслэлийн прокуророос тань дээр хэрэг үүсгэх үндэслэл алга, яагаад гэвэл хууль зөрчсөн зүйл алга гэдгээ бичгээр мэдэгдсэн. 

Хэрвээ би асуудалтай байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин байх үед эрх баригчид шоронд оруулсан байх байсан.  

-Гэхдээ бизнесийн байгууллагууд Хөгжлийн банкнаас зээл авч болно биз дээ. Яагаад үүнийг улстөржүүлээд байна вэ?

-Энэ бол их харамсалтай байгаа юм. Жишээ нь, офшорын асуудал байна. Бизнесийн байгууллагууд офшор компанийн данс эзэмшиж болно. Улстөрчид болон нийтийн албан тушаалтнууд болохгүй. Үүнийг зааглаж өгч байгаа. 

Түүнтэй адил бизнес эрхэлж байгаа компаниуд Хөгжлийн банк болон бусад банкуудаас зээлээ аваад, бизнесээ өргөжүүлээд, ажлын байр нэмэгдүүлээд, төсөвт орлого оруулж байвал бидэнд хэрэгтэй. Хууль зөрчсөн, хулгай хийсэн асуудал байвал хариуцлагаа хүлээх ёстой. 

Гэтэл өнөөдөр зээл авах нь буруу, муухай юм шиг байдлаар буруутгаад байна. Зээл авсан 2,000 орчим аж ахуйн нэгжийг буруутгаад байх шаардлагагүй. 

-Танай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын дүнгээ гаргачихсан. Одоо Байнгын хороогоор хэлэлцүүлж чадах болов уу? 

-Ажлын хэсэг өнгөрөгч есдүгээр сард байгуулагдсан Хөгжлийн банктай холбоотой 1.3 их наядын асуудлыг АТГ болон хууль хяналтын байгууллагад шалгуулья гээд холбогдох материалыг Хөгжлийн банкныхан АТГ-д өгөөд шалгуулж байгаа.

Яамдууд дээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд байгаа. Эдгээрийн төсөвт өртөг нь зөв байсан уу буруу байсан уу. Өөрөөр хэлблэ, 2012 онд нэг км замын 500 саяар баридаг байсан бол өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны санхүүжилтээр нэг км замыг 1-2 тэрбум төгрөгрөөр барьдаг болчихлоо гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ нь үнэхээр хууль ёсны байсан уу. Төсөвт өртөг зохиомлоор нэмэгдсэн үү гэдгийг холбогдох яамдууд нь дэргэдээ мэргэжлийн хуулийн хэлтэстэй байж байгаа. Тэдгээр нь шалгаад шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаад шалгуул гэдэг Засгийн газрын шийдвэр гарсан байгаа. 

Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ярих биш нэгэнтээ олон нийтийн анхаарал татсан асуудал болж байгаа учраас УИХ дэр танилцуул гэдэг үүрэг өгөгдсөний дагуу ХЗДХ-ийн дэд сайд танилцуулах гээд байж байна. Өнгөрсөн Лхагва гарагт Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороод хамтарч хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь хойшлоод байж байна. 

-Олон нийтийн анхаарлыг мөн татаад байгаа асуудал бол Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болоод байна. Хилийн зурвас орчмын уул уурхайн орд газруудыг ашиглах зорилгоор хуульд өөрчлөлт оруулж байна гэх мэдээлэл гараад байна. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн Талын мэлтсийн орд байна. 

-Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуульд хилийн бүс 100 километр, хилийн зурвас 15 километр байгаа. 1993 онд баталсан Хилийн тухай хуульд 23 жилийн дараа шинэчилсэн найруулга хийх гэж байна. Энэ хуульд хил орчмын нутаг дэвсгэрт 100 километрээр хязгаарлагдахгүй хил орчмын 14 аймгийн 70 орчим сумыг хил орчмын нутаг дэвсгэр гэж тодорхойлж өгч байгаа. Энэхүү нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хуулиар зохицуулна.

Гэхдээ хилийн зурвас нь 15 километр гэдгээрээ хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү газарт үйл ажиллагаа явуулахдаа хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг хэвээр байгаа шүү дээ. Хуучин ч тийм байсан одоо ч өөрчлөлт орохгүй.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Талын мэлтсийн орд газар бол Засгийн газрын эрх мэдлээс давсан, Засгийн газар мэдэж шийддэг асуудал биш. Учир нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах, хил хязгаарыг өөрчлөх асуудлыг зөвхөн УИХ шийддэг. Талын мэлтсийн орд газрыг Засгийн газар биш УИХ мэднэ гэсэн үг. Засгийн газрын эрх мэдэл ч хүрэхгүй.

Гэтэл Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулж хил орчмын нутаг дэвсгэр ашигт малтмал олборлох гээд байна гэх мэтээр мушгих, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг бодлогын бичиг баримтуудад Хил хамгаалах байгууллага гэдэг нэр томъёогоороо явж байгаа зүйлийг “Хилийн цагдаа болгох гэнэ” гэх мэтээр мушгиж байгаа нь тун харамсалтай юм.