Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: 2020 он гэхэд төсвийг алдагдалгүй болгоно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
 

Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтууд болон түүний хүрэх үр дүнгийн талаар хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Тодруулбал, 

  • Төсвийн алдагдлыг 2017 онд ДНБ-ий 9.1 хувь байхаар тусгасан. Цаашид төсвийн алдагдлыг бууруулж, 2018 онд ДНБ-ийн 7.5,  2019 онд ДНБ-ий 5.5 хувь болгон 2020 он гэхэд төсвийн алдагдалгүй болгохоор төлөвлөсөн.
  • Жилдээ 2-3 тэрбум ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт татна. 
  • Төсвийн тогтвортой байдлыг хангаж, өрийг дахин санхүүжүүлж, зардлаа бууруулна.
  • Зээлжих зэрэглэлийг сайжруулна.
  • Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлнэ.
  • 2016-2019 онд жилд 20 мянган ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн юм.

Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр төлбөрийн тэнцлийг ашигтай болгоно.

Харин хөрөнгө оруулагчдад хандан зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгө оруулагчдыг татахад та бүхний туслалцаа хэрэгтэй байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хийж буй хэлэлцээр амжилттай болж байгааг энд дуулгая гэлээ.

Нэйл Сакер: Түүхий эдийг тахин шүтэхээ зогсоох хэрэгтэй

 

ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакер  дараах зөвлөгөөг илтгэлдээ дурдлаа. Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр нь Ази хэвээрээ байна. Азийн орнуудын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд намжуу болсон. Ерөнхийдөө өсөлт нь сулрах нийтлэг хандлага ажиглагдаж байна. Гэхдээ өөдрөг байж болно. 

Монгол Улсад тулгарч байгаа гол сорилт нь түүхий эдийн үнийн супер цикл дуусгавар болсон явдал. Монгол Улс эрсдэл даах чадвартай болохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бодлогын хамгаалалтыг дахин бий болгох, засаглалаа шинэчлэх, мөн түүхийн эдийг тахин шүтэхээ зогсоох, хэт өндөр өсөлт, хэт өндөр бууралтаас сэргийлэх хэрэгтэй. Мөн эдийн засгийн төрөлжилтөө дэмжих, эерэг нөхцөл байдал дээр дөрөөлж босох хэрэгтэй байна” гэв. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn