Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган хэлсэн үгнээсээ буцаж, Туркийн дайсан бол зөвхөн террористууд гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өнгөрсөн Мягмар гарагт үг хэлэхдээ “Туркийн арми Сирид нэвтэрсний шалтгаан бол Ассадын дэглэмийг унагах” гэж байв.

Харин өчигдөр буюу Пүрэв гарагт тэр “Сирийн хойд хэсэгт явуулж байгаа Euphrates Shield Operation ажиллагаа нь ямар нэг улс орон, хувь хүн рүү чиглээгүй, зөвхөн террорист байгууллагуудыг устгах зорилготой” гэж хэлсэн тухай тус улсын Hurryiet Daily News суваг мэдээлжээ.

Эрдоган цааш нь “миний хэлсэн үгэнд хэн ч эргэлзэх ёсгүй, бас хэн ч өөрөөр тайлбарлах гэж оролдоод хэрэггүй” гэсэн байна.

Мягмар гарагт тарсан Эрдоганы үгийг ямар утгатайг тайлбарлахыг Оросын тал шаардсан юм. Кремлийн төлөөлөгч Юрий Ушаков өчигдөр мэдээлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Туркийн ерөнхийлөгч Эрдоган нар өчигдөр утсаар Сирийн тухай ярилцах үеэр Эрдоган тайлбар хийсэн гэжээ.

Өчигдөр мөн Туркийн гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай Аланиа хотод хамтарсан мэдэгдэл хийхдээ “Сирид явуулж байгаа манай ажиллагааны зорилго бол Сирийг Исламын улс, Аль Нусра террорист бүлэглэлүүдээс цэвэрлэх юм” гэж хэлсэн байна.

Ингэхдээ “Сирид бид бусад улс орнуудтай хамтран ажиллаж байна. Гэхдээ Орос улстай илүү ойр хамтрах нь үр дүнтэй гэж үзэж байгаа” хэмээн өгүүлжээ.

 

Эх сурвалж: Russia Today