Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орох оронгүй Ардчилсан нам

Н.Эрдэнэ
2016 оны 12 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-АН-ын гишүүд бүү хэл удирдлагууд нь ч ороод хуралдчихаар намын туг хиур хийсгэсэн байр тэдэнд алга. Эсхүл нийтлэлийн эхэнд дурдсан хэн нэгний өмчийн өндөр барилгуудаар л орж гарсан байдалтай хурал хуйгаа хийгээд явах сонирхол удирдлагуудад нь байна уу. Өмнөх жилүүдэд удирдсан, одоо ч намаа удирдсаар байгаа нь тодорхой болсон энэ намын удирдлагууд байрны асуудлаа гишүүддээ хэрхэн тайлбарлах бол?- 

Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ зарлаад байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэртэй нэгэн үе холбогдож хэвлэл мэдээллээр цацагдаж байсан Шонхор тауэрт өчигдөр нэгэн хурал болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтын төв байгуулах зорилгоор “Шангрила”-гийн ойролцоо хүүхдийн паркийн талбай руу түрж орсон газар олгож, барилга нь баригдсан ч зориулалтаараа ашиглагдахгүй байгаа тухай хоёр жил гаруйн өмнөөс шуугьсан. Одоо ч хэл ам тасраагүй л байгаа.

Тэгвэл энэ өндөр шилэн барилгад өчигдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдсан аж. Энэ хурлыг хэвлэлийнхэн Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газарт сэжигтнээр дуудаж мэдүүлэг авсантай холбон тайлбарлаж байлаа.

Хуралдаанаар юу хэлэлцсэн нь сонирхол эс татах ба хамгийн гол нь өнөөдөр Ардчилсан намын удирдлагууд жирийн гишүүдээ урьж аливаа арга хэмжээ зохион байгуулах байтугай өөрсдөө ч хуралдах газаргүйдээ тулж өөрийн намынхаа бас нэг фракцын нэрээр нэрлэгдсэн хувийн оффист хуралдах болчихсон сэдвийг үүгээр хөндөж байгаа юм.

Хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа АН-ын Их хурлын үеэр гишүүдийн зүгээс нь байрны асуудлыг асууж, тодруулбал хэн нэгний оффисыг гуйж, түрээсэлж хуралддаг намынх нь удирдлагууд юу гэж хариулах бол?

С.Зориг агсны хөшөөний арын жижигхэн байр АН-ын байр хэмээгдэж байгаа боловч өнөөдөр түүгээр намын удирдлагууд нь тоож шагайдаг ч үгүй гэнэ. Нэг хэсэг МоАХ-ны дарга Х.Баттулга хааяахан оффислож УИХ-ын саяын сонгуулиар Төв аймгаас ялалт байгуулсан МАН-ын гишүүн А.Сүхбат, Асашёорюү Д.Дагвадорж нар өөр өөр цаг хугацаанд Ардчилсан намд гишүүнээр элсэхэд нь хүлээн авч хэвлэлийнхний өмнө батлах, тэмдгийг нь гардуулж байжээ.

Эндээс харахад С.Зориг агсны хөшөөний арын АН-ын байр нь олны танил эрхмүүд, бөхчүүдийг намдаа элсүүлэх арга хэмжээг зохион байгуулахаас өөр зориулалтгүй болсон уу гэмээр.

С.Зориг агсны хөшөөний арын жижигхэн байр АН-ын байр хэмээгдэж байгаа боловч өнөөдөр түүгээр намын удирдлагууд нь тоож шагайдаг ч үгүй

Тэгээд ч томхон хэмжээний хурал хийчих боломж хомсхон энэ байраар МоАХ-ынхноос өөр бусад фракцаар овоглодог гишүүд хамраа ч цухуйлгадаггүйг бодвол намын байр гэж хэлэхэд төвөгтэй. Бэлгэ тэмдэг болж л үлдсэн юм уу даа.

Харин Д.Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах, Соёлын Төв өргөөний хүзүүвчний АН-ын байр өнөөдөр ийм байдалтай. Нэгэн цагт Социал Демократ намын төв оффис байгаад АН-ын Төв байр байсан байшин хэдийн нураагдсан балгас болоод өөр эзэнтэй ч болсон сурагтай.

Ноднин парламентад Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж буй үед намуудын тэгш эрхийн тухай асуудал хурцаар хөндөгдсөн юм. АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН-ыг улсын төсвийн хөрөнгөөр барьсан Тусгаар тогтнолын ордноо улсад хураалгах ёстой гэсэн мэдэгдлийг хэвлэлээр хийж УИХ-ын гишүүд ч чуулганы танхимдаа энэ тухай ярилцаж хоёр намын хооронд оффис, байрны улмаас гал авалцаад авсан.

УИХ-ын гишүүн А.БакейЗарим нам данхайсан том байшинтай. Түүнийгээ түрээслээд орлого олдог. Гэтэл зарим нь байргүй. Улс төрийн намуудад жигд, тэгш нөхцөл байдал бүрдүүлэх ёстой гэж би боддог” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Тэгж яривал АН-д ч бас улсын өмчөөс захирамжаар гаргуулсан дөрвөн байр бий. Соёлын төв өргөө, Дуурийн театрын дунд байсан байраа АН зарсан. Заримыг нь шинэчилнэ гээд нураасан байгаа. Тэгвэл бид ч гэсэн АН-ын дөрвөн байрыг мөн адил улсад авах асуудлыг хөндөн тавьж болно шүү дээ” хэмээж байв.

Нурсан балгас болоод байгаа АН-ын төв байрны хувь заяа хэрхсэнийг мөшгин тодруулахад Соёлын төв өргөө, Дуурийн театрын дунд байсан байраа АН-ын удирдлагууд буулгаад шинээр байр барих уу, яах вэ гэж ажлын хэсэг байгуулж байжээ. Явцын дунд “Байр барих шаардлагагүй юм байна. Улс төрийн нам байртай байх шаардлагагүй” гэж үзээд шинэ байр барих гэж байсан газраа дуудлага худалдаагаар худалджээ. Энэ тухай тэрхүү ажлын хэсгийн ахлагч хэвлэлд ярилцлага өгч байсан байна.

Цаахан талд нь байрлах хуучин хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг 24 тэрбумаар худалдсантай жишиж үзвэл АН-ын тэрхүү байрны газар багагүй ашиг өгсөн байх учиртай. Тиймээс нийслэлийн төвд байрлалтай тэрхүү барилгын газрыг гэрээний ямар нөхцөлөөр, хэнд, ямар өртгөөр зарсныг нь АН-ын одоогийн дарга нараас Их хурлын төлөөлөгчид нь асуух нь зөв болов уу. Хэдхэн сарын өмнө төрийн эрх барьж байсан АН-ын төв байр ингээд дашин шог болжээ.

Улс төрийн нам байртай байх шаардлагагүй” гэж үзээд шинэ байр барих гэж байсан газраа дуудлага худалдаагаар худалджээ.

Гэтэл 2008 оны долоодугаар сарын 01-ний үймээнээр шатаалгасан байраа Ардын намынхан тэр дор нь томруулан бариулчихсан юм. Хүний хүүхдүүд ийм айхавтар гэгчээр МАН-ынхан намынхаа байрыг шинэчилж бариулаад өнөөдөр бум бужигнаж түм түжигнэсэн, шоу тоглолт тасралтгүй явагддаг болж хувирчээ.

Харин нөгөө талд нь АН-ын гишүүд бүү хэл удирдлагууд нь ч ороод хуралдчихаар олигтой байр тэдэнд алга. Эсхүл нийтлэлийн эхэнд дурдсан хэн нэгний өмчийн өндөр барилгуудаар л орж гарсан байдалтай хурал хуйгаа хийгээд явах сонирхол удирдлагуудад нь байна уу. Өмнөх жилүүдэд удирдсан, одоо ч намаа удирдсаар байгаа нь тодорхой болсон энэ намын дарга нар байраа хэрхсэнээ Их хурлын төлөөлөгчдөдөө юу гэж тайлбарлах бол?

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.