Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сансрын ачааны хөлөг Монголын хилийн ойролцоо унажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Сансрын Станцад (ОУСС) хангамжийн ачаа хүргэх байсан Оросын нисгэгчгүй сансрын хөлөг осолдож унасан талаар Роскосмос агентлаг өчигдөр мэдээллээ.

Прогресс МС-04 нэртэй ачааны хөлөг газраас 190 км өндөрт осолдож, ОХУ-ын Тувагийн БНУ-ын Монголтой хил залгаа, хүн ам суурьшаагүй бүсэд унажээ. Хөлгийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж дууссан бол бага хэсэг нь газарт унасан гэнэ. Казахстаны Байконураас хөөрсөн хөлөг 383 секундын дараа холбоо тасарсан талаар өмнө нь мэдээлж байв.

Роскосмосын мэдээлж байгаагаар Олон Улсын Сансрын Станцийн үйл ажиллагаа энэ ослоос болж тасалдахгүй, хангалттай нөөцтэй байгаа гэжээ. NASA ч мөн станцын хангамжийн нөөц хангалттай түвшинд байгааг вэбсайтдаа мэдээлсэн байна.

Ирэх Бямба гарагт буцах хуваарьтай байсан ачааны хөлөг 2.4 тонн шатахуун, хүнс, багаж төхөөрөмж тээвэрлэж байжээ. Агентлаг одоо ослын шалтгааныг судалж, дараа дараагийн нислэгт нөлөөлөхгүй байх арга хэмжээ авна гэсэн байна.

Хоёр хүрэхгүй жилийн хугацаанд Прогресс хөлөг хоёр дахиа осолдож байгаа нь энэ юм. 2015 оны дөрөвдүгээр сард мөн осолдож дэлхийд унасныг Оросууд Союз пуужингийн асуудал гэж тодорхойлсон байна.

Үүнээс болоод бүх сансрын хөтөлбөрүүд гурван сар орчим хугацаагаар хойшилж, ОУСС-д ажиллаж байсан сансрын нисэгчдийн дэлхийд буцах хугацааг сараар хойшлуулж байв.

Ачааны хөлөг нь хангамжийн материал ОУСС-д хүргэсний дараа дэлхий рүү буцаж, Номхон далайн дээр агаар мандалд шатаж устдаг юм.

Одоогоор ОУСС-д Францын Томас Пескю, Оросын Олег Новицкий, Америкийн Пэгги Уитсон нар зургаан сарын хугацаатай ажиллаж байгаа. ОУСС нь нийт 6 хүний багтаамжтай боловч техникийн элдэв асуудлаас болоод бүрэн дүүрэн ашиглагдахгүй байгаа ажээ.

2011 онд АНУ сансрын хөтөлбөрөө зогсоосноос хойш Оросын Союз хөлөг одоогоор зөвхөн сансарт хүн нисгэх тээвэрлэгч болоод байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian