Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн Зохицуулах Хорооны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцлээ.

СЗХ-ны орон тооны бус гишүүн Ж.Цэдэнрагчаагийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул хуулийн дагуу дараагийн хүнийг томиллох болсон байна.

Ингэснээр  Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Нямандэлэгийн Мандуулыг гишүүдийн 69.6 хувийн саналаар томиллоо. УИХ-ын тогтоол батлагдсан өдрөөсөө мөрдөгдөхийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцуулав.

Харин бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ж.Цэдэнрагчааг 73.9 хувийн саналаар чөлөөллөө.

Н.Мандуулын товч танилцуулга

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилогдсон Н.Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

  • Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль,
  • 2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага,
  • 2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн.
  • 2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Хуулийн заалт: 

СЗХ нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ. Хорооны даргад УИХ-ын дарга, гишүүдэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, УИХ-аас томилно. 

Хорооны дарга болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилуулахаар УИХ-ын чуулганд танилцууллаа

Эдийн засгийн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа