Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорнодод хордлогод орсон иргэдээс таван хүн сэхээнд байгаа"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймагт техникийн спиртээс хордсон иргэдийн талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэл хийлээ.

Одоогоор 17 хүн эмнэлэгт байгаагаас таван хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Энэ талаар Эрүүл Мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Энэ тухай мэдээллийг бид авч тусгай ажлын хэсэг гарган шуурхай арга хэмжээ авсан байгаа. Нийт 23 хүн хордож, нэг хүн газар дээрээ, гурван хүн эмнэлэг явах замдаа нас барсан. Тус шингэн нь Хятад архины үнэртэй байсан гэсэн мэдээлэл байна.

Бид яаралтай арга хэмжээ авч эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч нар, хор судлалын мэргэжилтнүүдийг явуулсны үр дүнд тодорхой цаг хугацаанд эрт оношилж, арга хэмжээ авч чадсан гэж үзэж байна.

Тухайн 23 хүн техникийн спирт хэрэглэсэн гэдэг нь Мэргэжлийн Хяналтын Газар болон манай эмч нарын очиж хийсэн дүгнэлтээр тогтоогдсон. Цаашид Эрүүл Мэндийн Яамнаас цаг алдалгүй арга хэмжээ авах болно” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Эрүүл Мэндийн Яамны Хор Судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юндэнгээс дараах зүйлийг тодрууллаа.

 

- Одоогоор эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?

- Өнөөдрийн байдлаар 17 хүн эмчилгээнд байгаагаас таван хүн нь эрчимт эмчилгээний тасагт бусад нь ерөнхий эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Оношийн хувьд метиллийн спирт болон бусад техникийн спиртийн хольцтой шингэний хордлого байсан.

Эмнэлэгт ирсэн иргэдээс таван хүн сэхээнд байгаа. Биднийг очиход хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, гурван хүний биеийн байдал тогтвортой байсан. Одоогийн байдлаар хүмүүсийн биеийн байдал сайжрах хандлагатай байна.

Бид Монгол Улсын стандартад заагдсан хордлого тайлах болон тусгай техникийн шингэний хордлого тайлах эмчилгээг хийсэн байгаа. Нийтдээ долоон хүнд 14 удаа энэ эмчилгээг хийсэн байна.

- Хордлого аваад эмчлүүлж байгаа иргэд бүрэн эдгэрэх боломжтой юу?

- Боломжтой. Багануурт гарч байсан хуучин туршлага байна. Тархины хаван, нүдний хаван зэрэг сохрох аюулаас урьдчилан сэргийлэх эмчилгээ сайн хийгдсэн учраас янз бүрийн хүндрэл гарахгүй гэж үзэж байна.

- Хэд орчим насны хүмүүс байсан бэ?

- Насны хувьд голдуу идэр насны буюу 20-50 насны залуучууд байсан.