Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

В.Байгал: Улаанбурханы сэжигтэй тохиолдол долоо хоногт 10 орчим илэрч байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
 

Өнгөрсөн жилийн мөн үед улаанбурхан өвчний тархалт оргил үедээ хүрч, ХӨСҮТ ачааллаа дийлэхээ болих шахам ажиллаж байв. Харин өнөөдрийн байдлаар энэхүү халдварлал өндөртэй өвчний тархалт хэр байна вэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгалаас тодрууллаа.

-Өнгөрсөн жилийн энэ үед улаанбурхан өвчний тархалт оргилдоо хүрч байсан. Энэ жил ямархуу байна вэ?

-Улаанбурхан өвчин 2015 оны гуравдугаар сард гарснаас хойш бид хоёр үе шаттай арга хэмжээ авсан. Нэгдүгээрт зургаан сартайгаас зургаа хүртэлх настай хүүхдэд, хоёрдугаарт 18-30 насны залуусыг дархлаажуулсан. Учир нь эдгээр насны хүмүүс өвчлөлийн дийлэнх тохиолдлыг эзэлж байсан юм. Харин энэхүү арга хэмжээний үр дүн одоо харагдаж байгаа.

Өнгөрсөн жил томуугийн улиралтай давхцаад хүүхдүүд улаанбурханаар өвчилж долоо хоногтоо 500-600 хүн улаанбурханы сэжигтэй тохиолдлоор ирж байсан бол одоо долоо хоногт 10 орчим сэжигтэй тохиолдол илэрч байгаа. Бид халуурч, тууралт гарч байвал сэжигтэй тохиолдол гэж үзээд лабораторийн шинжилгээнд хамруулдаг.

Энэ оны наймдугаар сарын 12-ноос хойш лабораториор батлагдсан тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй байж байгаад өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт нэг тохиолдол батлагдсан. Одоогоор тархалт намжмал байгаа ч Шинэ жил, Цагаан сар болж, хүмүүс бөөнөөр цуглана. Энэ үед вакцинд хамрагдаагүй, дархлаа тогтоогүй хүмүүс өвчлөх эрсдэл бий.

Тиймээс эрсдэлээс өөрийгөө хамгаалж, вакцинд хамрагдаагүй бол хамрагдах хэрэгтэй.

-Вакциныг зөвхөн ХӨСҮТ-д хийж байгаа юу?

-ХӨСҮТ болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр хийж байгаа. Мөн өрхийн эмнэлгүүдэд улаанбурханы вакцин хийж байна. Түүнчлэн аравдугаар сараас эхлэн дөнгөж амаржсан ээжүүдэд вакцин хийж байгаа. Учир нь эдгээр хүмүүс 2016 оны зургаадугаар сард жирэмсэн байгаад вакцинд хамрагдаж чадаагүй.

Тиймээс өнгөрсөн сард гэхэд 6,000 гаруй хүнд вакцин хийсэн. Ингэж төрснийхөө дараа вакцин хийлгэснээр өөрийгөө хамгаалаад зогсохгүй хүүхдээ ч эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг. 

-Та түрүүн лабораториор батлагдаагүй ч сэжигтэй тохиолдлууд гарч байгаа гэсэн. Дийлэнх нь хэдэн наснынхан байна вэ?

-Зонхилон 0-8 сартай хүүхдүүд бий. Мөн 40-өөс дээш насныхан байна. Түрүүн хэлсэнчлэн бид халуурч, тууралт гарсан л бол улаанбурханы сэжигтэй тохиолдол гэж үздэг. Гэвч ийм шинж илэрдэг 8-9 төрлийн халдварт өвчин бий. Тиймээс бид лабораторийн нарийн шинжилгээгээр оношийг тогтоодог.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Улаанбурханаас өөрийгөө сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам бол нэгдүгээрт вакцин. Улаанбурханаар өвчилж байгаагүй бол вакцин хийлгэх шаардлагатай. Ингэснээр өөрийгөө болон бусдыг хамгаална.

-Вакцин хийлгэхэд ямар үнэтэй байгаа бол?

-10,000 төгрөг.

-Хэдий хэр хугацаанд дархлаа тогтох вэ?

-Хоёр тун вакцинаа авсан бол 18-20 жилийн дархлаа тогтдог. Үүний дараагаар тодорхой хэмжээнд буурч эхэлдэг. Харин улаанбурхан туссан бол насан туршийн дархлаа тогтоно.