Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч огцрохоо мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ тус улсын парламент эрх мэдлийг нь эрсдэлгүйгээр шилжүүлэх төлөвлөгөө гаргасны дараа огцрохоо мэдэгдлээ.

Түүнийг өөрийн дотны найз эмэгтэйд төрийн хэрэгт оролцох, том компаниудаас их хэмжээний хандив авах боломжийг олгосонд буруутган сүүлийн таван долоо хоногийн Бямба гараг бүрт олон зуун мянган иргэн Сөүлийн гудамжинд жагсаж байгаа юм.

1960 онд гарсан бослого тэмцлийн дүнд тус улсын анхны ерөнхийлөгч Синман Ри албан тушаалаасаа огцорч Хавай руу дүрвэж байв. Тэгвэл үүнээс хойш анх удаа хугацаанаасаа өмнө огцорсон ерөнхийлөгчөөр Пак Гын Хэ тодорч байна.

Өнөөдөр тэр телевизийн шууд нэвтрүүлгээр олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Миний цаашдын хувь заяа хэрхэх болон бүрэн эрхийн хугацааг минь богиносгох эсэх шийдвэрийг би Үндэсний Ассемблейд үлдээж байна” гэжээ.

“Хэрвээ эрх баригч болон сөрөг хүчнийхэн төрийн үйл хэргийг тасралтгүй, осол эндэлгүй үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргаж ирвэл би хуульд заасан хугацааны дагуу ерөнхийлөгчийн суудлаасаа огцроход бэлэн байна” гэж Пак Гын Хэ мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг Баасан гарагт парламент хэлэлцэхээр болсон байна.

Пак Гын Хэг тус улсын сөрөг хүчнийхэн төдийгүй эрх баригч намынхан нь хүртэл “нэр хүндтэйгээр” огцрохыг сүүлийн үед шаардах болжээ.

Ерөнхийлөгчийн халдашгүй эрхдээ дулдуйдсан Пак прокурорт байцаалт өгөхөөс татгалзаж байсан бол одоо суудлаасаа огцорсны дараа түүнийг шалгах ажил эрчимжинэ гэж үзэж байна.

Одоогоор ерөнхийлөгчийн найз, дуулианы гол эзэн Чой Сүүн Сил, ерөнхийлөгчийн захиргаанд ажиллаж байсан хоёр албан тушаалтан, Чой хатагтайн шадар хүн гэгддэг хөгжмийн найруулагч гэсэн хүмүүс баривчлагдан шалгагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post