Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Далай ламыг урьсан Монголын засгийн газрын эр зоригийг магтжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадыг тайван замаар ардчилсан засаглалд шилжүүлэхийн төлөө тэмцдэг “Хятадын санаачилга” (Initiative for China - IFC) хөдөлгөөн өчигдөр мэдэгдэл гаргаж Коммунист Хятадын дарамт шахалтыг үл тоон Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын зүрх зоригийг магтан сайшаажээ.

Тэдний мэдэгдэлд Далай ламын Улаанбаатарт хийсэн айлчлалтай холбоотой Бээжингийн гаргасан мэдэгдэл, авсан арга хэмжээнүүдийг шүүмжилсэн байна. Мөн Тайвань, Өмнөд Африк зэрэг бусад орнуудыг Монголын жишгээр Хятадын дарамтаас айлгүйгээр Далай ламыг нутагтаа хүлээж авахыг уриалжээ. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг Далай ламтай ойрын үед уулзахыг IFC бас уриалсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Төвдийг дэмжигч олон улсын парламентчдын бүлэг (The International Network of Parliamentarians for Tibet) мэдэгдэл гаргаж, Монголын үлгэр жишээг дагахыг Азийн Буддын шашинт орнуудад уриалсан юм. Тус бүлгийн тэргүүн, Евро парламентын гишүүн Томас Манн мэдэгдэлдээ “Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын засгийн газрын шийдвэрийг бид алга ташин хүлээж авч байна” гэжээ.

Төвдийн Буддын шашны тэргүүн, 14 дүгээр Далай ламын айлчлалыг эсэргүүцсэн Бээжингийн эрх баригчид Монголын засгийн газартай энэ онд хийх байсан бүх уулзалтуудаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.

 

Эх сурвалж: Tibet.net