Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хитачи компани дурангүй камерын технологи танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Японы Хитачи компани саяхан дурангүй камерын шинэ технологийг хөгжүүлж байгаагаа зарлажээ.

Уг камер нь ямар ч дуран байхгүй, дүрсийг нэг төвтэй цагирагуудын хээ бүхий хальс ашиглан шууд буулгаж чаддаг. Буулгасан зургийн фокусыг дуртай цэгтээ төвлөрүүлэн боловсруулж болдог давуу талтай.

Нэгэнт дурангүй болсон тул камерын овор хэмжээ эрс багасаж гар утас, төрөл бүрийн мэдрэгч төхөөрөмжийн хэлбэр, дизайнд нөлөөлөхгүйгээр суурилагдах боломжтой болж байна.

 

Зөвхөн талбайн мэдээллээс гадна, зузааны мэдээллийг авч чадах тул нэгэнт буулгасан зургийг сүүлд дураараа фокусыг нь өөрчлөн гаргах боломжтой гэнэ.

Хитачи энэ камераа “computational photography” буюу тооцоололд суурилсан гэрэл зураг хэмээх шинэ салбарын эхлэл гэж үзэж байна. Ажиллах зарчим нь дүрс мэдрэгчийн урд байрлуулсан нэг төвтэй тойргуудын хээтэй хальсаар дамжин дүрснээс ирэх гэрлийн байрлал, чиглэлийг бүртгэж авна.

Дараа нь компьютерийн тооцооллоор дүрсийг боловсруулахдаа Муарын эффект, Фурьегийн хувиргалт гэсэн математик аргуудыг ашигладаг ажээ. Энэ боловсруулалтын үед фокусыг хаана байрлуулахаа шийдэж эцсийн зургийг гаргах юм байна.

Гар утас, автомат жолоодлоготой машин, робот зэрэг олон салбарт ашиглагдана гэж тооцож байгаа дурангүй камерын технологийг Хитачи 2018 оноос үйлдвэрлэлд шилжүүлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Hitachi.Com