Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэгүйдсэн Венесуэлийн валютыг тоолохгүй, жигнэдэг болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн инфляц энэ онд 720 хувьд хүрэх төлөвтэй байгаа бол үндэсний мөнгөн тэмдэгт боливарын хамгийн том дэвсгэрт нь хар зах дээр ердөө таван центийн үнэ хүрдэг болжээ.

Социалист чиг баримжаатай хөгжиж байгаа тус улсын иргэд наймаа хийхдээ мөнгийг тоолохгүйгээр, багцлан жигнэж солилцдог болсон байна. Ердийн хэтэвч Венесуэльд хэрэгцээгүй болж, мөнгийг гар цүнх, үүргэвчинд хийж явдаг болжээ. 2014 онд эхэлсэн газрын тосны үнийн уналт Венесуэлийн эдийн засагт сүйрэл авчирсан юм.

Ерөнхийлөгч Николас Мадуро валютын ханшийг хөдлөшгүйгээр тогтоож, банкуудыг мөнгөн дэвсгэрт хэвлэхийг тушаасан нь валютыг улам бүр үнэгүйдүүлжээ. Үүнтэй зэрэгцэн барааны үнэ эрчимтэй нэмэгдсэн юм.

30 сая хүн амтай тус улс барааны үнийн мэдээллийг байнга зарладаггүй ч нийслэл Каракас хотын амьдралыг харвал өнгөрсөн зууны хэт-инфляцийн түүх давтагдаж байгааг мэдэж болно.

Газрын тос Венесуэлийн экспортын 95 хувийг эзэлдэг бол дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Засгийн газрын төсвийн бараг тал хувийг газрын тосны орлого хангадаг байна.

Эдийн засагчдын нэрлэдэг “Голланд өвчин” экспортын ганц бүтээгдэхүүнээс хамааралтай энэ улсад жинхэнэ утгаараа илрээд байгаа юм. 2014 онд газрын тосны үнэ гуравны хоёроор унах үед 2013 онд Хюго Чавезийг залгамжилсан Мадуро валютын ханшийг хүчээр тогтоож эхэлсэн нь валют солилцооны хар захыг цэцэглэн хөгжихөд хүргэжээ.

Янз бүрийн аргаар олсон ам.долларыг боливараар солих нь нэгэн үе Венесуэлийн хамгийн ашигтай бизнес болоод байв. Энэ үйл явц инфляцийг улам бүр хөөрөгдсөн юм.

Үүнээс гадна Каракас бол гэмт хэргийн гаралтаар тэргүүлдэг хотуудын нэг. Их хэмжээний мөнгөн дэвгэртийг биедээ авч явах нь эрсдэлтэй байдалд хүргэж байна. ATM-ээс ердөө 10 ам.доллартай тэнцүү бэлэн мөнгө гаргахад 100 орчим дэвсгэрт болж байгаа юм. ATM-ын мөнгө хадгалах багтаамж ч хүрэлцэхээ больж заримыг нь гурван цаг тутамд цэнэглэх хэрэгтэй болж байна.

Тиймээс онлайн, бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж эхэлснийг ажиглагчид хэлж байна. Гэвч жижиг бизнесүүд төлбөрийн картны ПОС машинтай байх боломжгүй байгаа нь бас нэг бэрхшээл болж байгаа аж.

Социалист чиг баримжаатай хөгжлийн замыг үргэлжлүүлэх зорилготой Мадуро нөхцөл байдлыг түүний өрсөлдөгчид болон АНУ-ын өдүүлсэн “эдийн засгийн дайн”-аас болж байна гэж мэдэгдсээр байгаа юм.

Гэсэн хэдий ч түүний засгийн газар ирэх оны нэгдүгээр сард том дүнтэй мөнгөн дэвсгэрт гаргахаа зарлаад байна. Шинэ дэвсгэртүүд нь 500-аас 20,000 боливар хүртэл хэмжээтэй байх гэнэ.

Гэвч энэ хооронд Венесуэлийн ард иргэд улам бүр ядуурсаар байна.

 

Эх сурвалж: Independent