Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй 23 хүний 4 нь нас баржээ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрлах Петрочайна Дачин тамсаг компанийн гэрээт компани болох “Зөв боломж” ХХК-ийн хэсэг ажилчид махны агуулахад хадгалж байсан үл мэдэгдэх шингэнийг архи гэж андууран устай хольж уусны улмаас хордлогод орсон байна. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Тандалт судалгааны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бид мэдээлэл ирсэн даруйд цахим хурал хийн, хордсон иргэдэд эмчилгээ хийх зааварчилгааг өгч, шуурхай багийг илгээн ажиллуулж байна. Мөн өдөрт 2-3 удаа цахим хурал хийн, арга зүйн зөвлөгөөг өгч байгаа” хэмээсэн юм. 

Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага болон орон нутгийн холбогдох газрууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн 212 хүнд тандалт судалгааг хийхэд тус шингэнийг хэрэглэсэн байж болзошгүй 23 хүн байжээ. 

Мөн Д.Нарангэрэл өвчтөнүүдийн биеийн байдлын талаар “Иргэд 2-8 балгаар хэрэглэсэн байсан. Үүний улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Мөн нэг хүн нь эмнэлэгт ирээд зургаан цагийн дараа нас барсан.

Одоогоор таван хүн эрчимт эмчилгээний тасагт, 10 хүн энгийн тасагт эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай болсон” гэлээ. 

Гэвч хэрэглэж болохгүй зүйл учраас цаашид өвчтөний биеийн байдал хүндрэх, архаг ужиг илрэх эрсдэл өндөр байгаа аж. Насны хувьд 20-30 насныхан байгаа бөгөөд нүд нь бүрэлзэх, нүдний салст хавагнах, ам цангах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Эдгээр шинж тэмдгийг харгалзан үзэхэд урьдчилсан байдлаар техникийн спирт уусан байх магадлалтай гэж үзэж байгаа хэмээн холбогдох албаныхан хэллээ. Гэхдээ эцсийн дүгнэлтийг МХЕГ гаргах юм байна.

Ер нь сүүлийн архины хордлого их гарч байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн жил 7,000 хүн, өнгөрсөн долоо хоногт л гэхэд 500 гаруй хүн архины хордлогод орж, эмнэлгийн тусламж авсан байна.

Цаашид Шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон баярууд болно. Тиймээс баталгаагүй хүнсний зүйл хэрэглэхээс татгалзах, мөн архи согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Архины хордлогын үед илрэх шинж тэмдгүүд

 
 
 

Техникийн зориулалттай спиртийн хүний биед үзүүлэх нөлөө:

  • Хордлогын шинж тэмдэг илэрнэ
  • Бөөрний ажиллагаанд хүндрэл учруулна
  • Амьсгал зүрх судасны үйл ажиллагааг зогсооно
  • Элэг гэмтээнэ
  • Хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулна
  • Үхэлд хүргэнэ