Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Машины тухай: Цахилгаан пуужин

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 11 сарын 26
Cardoctor
Зураг зураг

Би жаргах нарны дулаан элч ээсэн Холливудын цэцэрлэгт хүрээлэнгээр жаал зугаалахаар шийдлээ. Эл сайхан мөчид бүх зүйл хормын дотор өөрчлөгдөж амьдралын урсгал, хэв маяг ертөнцийн хуулинд үл захирагдаж эхэлнэ. Хоёр давхар автобуснаас энэ дурсгалт газрын талаар хөтчөөр тайлбарлуулах жуулчид алдартнуудын гудамжаар явж байгаагаа мартаж, алдартнууд хүртэл “өнгөө алдаж” эхэллээ. Бүгдийн анхаарал над дээр төвлөрнө. Тодруулбал BMW i8 унах жолооч дээр...

Нуулгүй хэлэхэд би ч жуулчдын адил энэ гайхалт бүтээлийг харж шохоорхон аль болох их зураг дарах л байж. Энэ ч зүгээр нэг ээлжит купе биш ёстой л жинхэнэ үзэгч олныг мэл гайхуулах урлагийн бүтээл юм шүү дээ. Газар шүргэм “гурван өнгөт” бүхээг нь тод цэнхэр өмсгөлтэй бөгөөд цахлайн далавчийг санагдуулам хаалга, лазер гэрэл, харь гарагийн хөлөг онгоц мэт арын шил гээд энэ бүхэн яахын аргагүй ирээдүйгээс ирсэн зочныг санагдуулна.

ЗЭРЭГЦЭН ОРШИХ ЕРТӨНЦ

i8 алмайруулна... Хаалгыг дөнгөж нээн өргөн босгоор давмагц энэхүү автомашин нь Франкфуртад таван жилийн өмнө .... «BMW-Vision Efficient Dynamic» концепт биш харин жинхэнэ “Мөрөөдлийн машин” болсон гэдэгт үнэмшсэн дээ. Гэсэн хэдий ч этгээд, чамин, зөгнөлт загвар харах тоолонд зүрхний цохилт нэмэгдсэн бол дотор дизайныг их энгийн даавуугаар хийсэн.

Салонд бусад загваруудын адил хурдны хайрцгийн рычаг болон iDrive горим руу шилжүүлдэг эргүүлэх тохируулга, жолоочийн сайн мэдэх төв хянах самбар, жолооны хүрд, халуун хүйтний удирдлагын товчлуур... Хэдийгээр энэ бүхэн цоо шинэ санагдахгүй ч урд самбарын тахийж мурийсан хэлбэр нь зэрэгцээ хэв маягийг эвдэж тэгш хэмгүй байдал үүсгэнэ.

Бага зэрэг тоормослоход хажуугаар том седан өнгөрлөө. Яахын аргагүй “Tesla Model S” мөн байлаа. Калифорни мужид эдгээр цахилгаан седанууд Москвад BMW 7 сери хөлхдөгтэй адил их байдаг. Өмнө нь хэний ч дуулаагүй компани маш богино хугацаанд баячууд, алдартнуудын зах зээлээс германы “хүчирхэг гурвыг” шахан гаргаснаар хамгийн эрэлт хэрэгцээтэй автомашин болоод байгаа аж.

 

Өнгөрсөн улиралд л гэхэд эдгээр “цахилгаан-гайхлууд”-ын борлуулалтын тоо хэдэн арван мянга хүрсэн нь аль хэдийнээ олны таашаалд хүрснийг нотолж байгаа хэрэг. Миний бодлоор Tesla-гийн амжилт бавааричуудыг цахилгааны шит асаахад нөлөөлсөн байх.

Tesla нь Америк болон Канадад цахилгаанаар цэнэглэх станц байгуулахаас гадна худалдан авагчдынхаа батарейг тал хэмжээ хүртэл нь үнэгүй шуурхай цэнэглэж байхаар амлалт өгсөн юм. Германчууд харин “plugin” буюу цэнэглэдэг hybrid дээр бооцоо тавилаа.

Энэ нь зарчмын хувьд шинэ биш юм. i8-ийн батарейг гэр ахуйн цахилгаан хүчдэлд цэнэглэж болох ба бензин хөдөлгүүр нь цэнэглэдэг. Үүнд хувьсгалт зүйл алга байгаа биз? Тэгвэл хөтлөгч хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Өнөөг хүртэл хэн ч 2+2 суудалтай дөрвөн дугуйн хөтлөгчтэй спорт купег олон тоогоор үйлдвэрлэхийг зүрхлээгүй аж.

 
  • Энэ донжтой салоны цагаан, цэнхэр ба улбар шар өнгийн гэрэлтүүлгийг харанхуйд асааж болох юм.
  • Энерги зарцуулалтыг хянахыг хүсч байвал төв дэлгэц дээр ийм дүрс гаргана.
  • “Спорт” горимд шилжихэд хянах самбар ийнхүү өөрчлөгдөнө. “Эко” горимд самбар цэнхэр өнгөөр гэрэлтэнэ.
  • Бага багтаамжтай тээшний хэсэгт дэлгүүрээс худалдаж авах хүнс арай ядан багтана.
  • Богино даашинзтай бүсгүйчүүд суухыг хориглоно. Гэхдээ сайхны өмнө харц буруугүй гэгчээр эсрэгээрээ суух тоолонд сэтгэл баясах ч юм билүү. Юутай ч уг автомашин руу орохын тулд эхлээд суудалдаа суусны дараагаар хөлөө ачсан нь амар байдаг. Арын суудалд сул зай тун бага байна. Насанд хүрсэн хүн сайндаа 30 минут л гүрийх байх.
 

i8-ийн тансаг дүр төрхийн нэгээхэн хэсэг нь чамин хийцтэй "ДАЛАВЧИТ" хаалга юм.

ЭРЧ ХҮЧИЙГ ЭНДЭЭС

iDrive товчлуурыг дарснаар бүрэн цахилгаан горим руу шилжиж i8 нь троллейбус мэт үл сонсогдох чимээ гарган асна. Ойртон ирэх автомашины дууг явган зорчигчдод сонсгохын тулд чимээний генератор 30 км/ц хурдтай турбо машин явах мэт намуухан дуу гаргаж Санта-Моникагийн саятнуудын хорооллоор нөлөө бүхий эздийг нойрноос нь сэрээхээргүй явна.

Бүрэн цахилгаан горимд урд дугуйг хөтлөх BMW-гийн үйлдвэрлэсэн 96 кВт/131 морины хүчтэй синхрон цахилгаан хөдөлгүүр л ажиллана.

Ийнхүү цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг спорт загвар гэхэд хэцүү ч i8-ыг “болхи” болсон гэхээр хэл эвлэхгүй юм. Түүнчлэн, i8 нь цахилгаан моторын хүчээр 120 км/ц хурдалж 250 Н.м -ийн дээд эргүүлэх хүчийг эхнээсээ гаргаж болох аж.

Бусад синхрон мотортой харьцуулбал BMW-гийн цахилгаан мотор эргэлт ихсэх тусам ашигт үйлийн коэффициентыг өндөр хэвээр хадгална. Мэдээж ашигт ажиллагаа өндөр байх тусам явах зай илүү байна. Гэхдээ би энэ цахилгаан моторын дээд боломжит туулах зай болох 37 километрээс 30 километр л явлаа.

Мөлхөөд явж байтал гэнэт миний хөлөг шинээр амь орсон мэт нурууны араас хойд дугуйг хөтлөх бензин хөдөлгүүр сүртэй нь аргагүй архирч эхэллээ.

Хэрвээ би анхнаасаа миний ард ердөө 1,5 литрийн гурван цилиндртэй “битурбо” хөдөлгүүр байгааг мэдээгүй байсан бол тааралдсан хүн болгонтой энэ сүрлэг дуу чимээ их эзлэхүүнтэй салаа зургаан цилиндртэй хөдөлгүүрээс гарч байгаа хэмээн санасандаа барих байсан байх.

Дотоод шаталтын хөдөлгүүр ёстой л архирч өгнө. Би тэсэлгүй i8-ийн хөдөлгүүр, хүч дамжуулах ангийг зохион бүтээгч ноён Лотар Вульфтэй сэтгэгдлээ хуваалцахад тэрбээр инээмсэглэн: “Ийнхүү олон цилиндртэй хөдөлгүүртэй мэт энэхүү архирааг гаргах яндангийн системийг тохируулахын тулд ямар их хүч хөдөлмөр орсон гэж бодож байна?” гэж асууж билээ.

Гурван цилиндртэй бензин турбомотор гэдэг BMW-ийн хувьд зөвхөн дэвшилтэт шийдэл болоод зогсохгүй мөн бавааричуудын автомашин үйлдвэрлэлийн уламжлалыг тэр чигт нь эвдсэн явдал болсон юм. Жинхэнэ хувьсгал. Цаашид бид турбо “гурвын” давхар инжектортой хувилбаруудыг BMW болон Mini-гийн жишээгээр харах болов ч i8-ийн үзүүлэлт 231 морины хүч, эргүүлэх хүч 230 Н.м байв.

 
Энэ бол BMW-ийн үйлдвэрлэсэн цэнэглэх технологи ба дахин цэнэглэх горимд генераторын үүрэг гүйцэтгэх 96 кВт/131 морины хүчтэй синхрон цахилгаан хөдөлгүүр юм. Үүнийг суудал хоорондын зайд байрлах 7,1 кВт.ц багтаамжтай лити- ион батарей тэжээдэг. Батарейн баталгаа - 100.000 км эсвэл зургаан жил.
 
Хоёр турботой, шууд цацалттай болон холимгийн хаалтгүй «Valvetronic» системтэй 1,5 литрийн бензин хөдөлгүүр. Үүнд тэнцүүлэгч гол, олон шатлалт дампер бүхий хурдны хайрцаг суурилуулсан юм. Ингэснээр хөдөлгүүр нь нормал болон хөдөлгөөний үед өө сэвгүй тогтвортой ажиллана.

Бензин моторыг зургаан шатлалтай автомат, харин цахилгаан моторыг хоёр шатлалтай автомат буюу хоёр хөдөлгүүрийн хүчийг хоёр хурдны хайрцаг тусдаа дамжуулна. Тэнхлэг хооронд хатуу холбоо байхгүй тул эргүүлэх моментыг электроник дур мэдэн хуваарилдаг. Өөрөөр хэлбэл эргэлт дээр хойд тэнхлэг ажиллагаанд орж буцаад шулуун замд гарснаар хүчийг нэгэн жигд хуваарилна гэсэн үг. Ингэснээр эргэх тоолонд хүч автоматаар өөрчлөгдөх юм.

Жинхэнэ жолоодлого руу орохоос өмнө халаалт хийнгээ тайван давхих зуур хэр идэж байгаа бол хэмээн өөрөөсөө асууна. Европын стандартын дагуу (хөдөлгөөнийг бүрэн цэнэглэсэн батарейтай эхлэх) явбал эхний зуун километрт дунджаар 2,1 л/100 км зарцуулна гэж бавааричуудын техникийн үзүүлэлтэд зальжин дурджээ.

 

Тэгвэл цэнэггүй байвал яах бол?

Би ч юм болгонд эргэлздэг хүн болохоор бүх цэнэгийг нь дуусгаад хоёр хөдөлгүүрээр явж үзлээ. Ийм тохиолдолд анхнаасаа заасан 100-д 2.1 л бензин гэсэн үзүүлэлт дээр анх цэнэглэхэд зарцуулсан 11,9 кВт цахилгаан энергийг давхар тооцно. 100 км замд зарцуулах бензинийг Европын ханшаар тооцож үзвэл 6 евро буюу ойролцоогоор 4 л бензин болох аж. Гэхдээ энэ бүхэн ердөө онол шүү дээ. Амьдрал дээр яах бол?

ЦУСАНДАА ЦАХИЛГААН БӨӨМТЭЙ

Би хянах самбарын заалтаар 100-д 7,5 л зарцууллаа. Энэ нь спорт автомашины хувьд ямар дажгүй үзүүлэлт гээч! Калифорнийн замын цагдаа нар дүрэм зөрчих хэн бүхнийг тэр дор нь торгодог тул би арай ядан биеэ барьж тайван, тааваараа явсан юм шүү. Гэтэл ийм автомашин унаж байгааг ухаарах тоолонд хаазыг тултал нь гишгэх асар их хүсэл намайг эзэмдэж байв. Тэр цагдаа, шатахууны хэмнэлтийг ор тас мартчих уу?

Хаазыг тултал нь гишгэлээ! i8 ч үүнийг ихэд хүсч жолоодлогын горим сонгох рычаг (Driving Experience Control) нь Comfort горимд байсныг үл харгалзан ухас хийлээ.

Автомашин анх асахад энэ горимоос хөдлөх бөгөөд Comfort нь идэвхтэй байдлыг хэмнэлтийн хамт хослуулдаг юм. Харин Eco PRO нь i8-ийг жинхэнэ “горойсон нөхөр” болгож хүнээр бол “Суудал, толь зэргийг халаахад хэр их тог үрж байна? Эйркондишн хэт их шатахуун зарцуулж байгаа юм бишүү?” хэмээн шаналгах байлаа. Гэсэн хэдий ч Eco PRO горимыг идэвхжүүлснээр бүхэл бүтэн 600 км зайг туулж болох юм.

Ингээд миний хүсэн хүлээсэн Sport горим буюу бензин хөдөлгүүрийн бүрэн ажиллагаа ба тоормослох үеийн бүрэн цэнэглэлт. Жолооны хүрдний ард байрлах чихээр араа дамжуулагчийн шилжих хурдыг хамгийн бага байхаар тохируулж болно. Хэрвээ батерей цэнэгтэй байвал жолооч hybrid тохиргоог утгаар нь ашиглаж 362 “морь”, хойд дугуйны 320 Н.м-ийн сүрлэг хүч ба урд дугуйны 250 “ньютон”-ыг бүх таван мэдрэхүйгээрээ мэдэрнэ.

 

ШУНАЛ УЛАМ ХӨДӨЛНӨ

i8 салхи зүсэн давхисаар байна. 6 шатлалт автомат арааны шилжилт хурдан ч их зөөлхөн. Эргэлт дээр жолооны хүрд их дуулгавартай ч юм. Энэхүү карбон бүтээлийг тэнхлэг дээрх жинг зөв хуваарилж, хүндийн төвийг доошлуулах инженерийн ухааны ачаар засмалтай улам наалдуулна.

Жолоодлого ч мөн адил сэтгэлд хүрлээ. Хэдийгээр i8-ийг спорт дугуйгаар тоноглосон ч халтиргаатай замаар ялимгүй шарваж байсан. Ер нь hybrid автомашин олон төрлийн шарвалт хийнэ гэж найдаад ч хэрэггүй. Энэ нь “drift” хийдэг хүмүүсийн сэтгэлийг гонсойлгох ч аливаа юм хоёр талтай байдаг юм шүү дээ. Эвлэрэх л болж дээ.

...тийм ээ, i8 ч яахын аргагүй хурдан юм аа. Үүнийг 4,4 секундийн дотор 100 км/ц хүрэх хурд авалт батална. Гэхдээ байдгаараа давхих юм бол аккумулятор хурдан сууж би ердөө гурван цилиндртэй үлдэн байдал өөрөөр эргэх байсан. Мэдээж дахин цэнэглэлт болон бензин хөдөлгүүр нь цахилгаан энергийг авахад туслах ч сэтгэл аль хэдийн гонсойсон байв.

i8 нь Corvette Stingray эсвэл Porsche 911-ийн шулуун хийцийг гүйцэхгүй (гадаад үзэмж талаас) бөгөөд яалт ч үгүй ялагдана. Уламжлалт тэнхлэг хоорондын механик дамжуулгыг ч огт мартаж чадахгүй юм.

Нэмж хэлэхэд нурууны ард байрлах гурван цилиндр болон нүднээс далд нуугдах яндан санаанаас гардаггүй ээ. Хэдийгээр энэ бүхэнд халуун хэм, торон хаалт, шор гээд цахилгаан мах шарагчид байж болох бүхий л зүйл байх ч уламжлалт хусны нүүрсний үнэр цаанаа л өөр байдаг даа.

Ингээд анд руугаа эцсийн удаа харахад “i8-ийг ямар сайн болсон юм бээ” гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Супер автомашин гэх үүднээс биш юм аа гэхэд ядаж л загварын эрэлхийлэх талаас харж үзвэл шүү дээ... i8 нь зөвхөн толь мэт тэгш сайхан засмал зам, зуны улиралд салхи татуулан давхих дуртай, 400 морины хүчтэй Porsche Carrera-аас илүү төлж чадах хүнд тусгайлан гарсан билээ.

Би л лав үүнээс илүү хурдан, спорт хайбрид сонирхолтой автомашинтай таарч байгаагүй.  

 

ХАУСМАНН ИНЖЕНЕРИЙН АЛСЫН ХАРАА

Тэд үүнийг амттантай зүйрлэсэн юм. Шууд утгаараа юм шүү. Оройн зоогийн дараа амтат зууш иддэгийн адил i8-ийг дэлхийн хамгийн анхны лазер гэрлээр “гүйцээж” ээ. Ингээд энэ гэрлийн зохион бүтээгч, дэвшилтэт технологийн албаны удирдагч Томас Хаусманн жолооны ард суулаа. Ноён Томас нүднээсээ лазер шиг хурц гэрэл цацруулан уг технологийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж эхлэв.

Лазер гэрэл гэдэг нь лазер өдөөгчтэй фосфорт гэрлийг хэлнэ. Гэрэл тус бүрт гурван лазер диод (уламжлалт диодыг бодвол арав дахин жижиг) болон цэнхэр туяа цацруулагч (450-480 нм долгионы урттай) суурилуулсан юм. Энэ нь фосфорт хагас дамжуулагч руу чиглэсэн байдаг. Ингээд уг 0.4 мм бүхий фосфорон цэгийг лазер туяанууд 200C хүртэл халаана гээд төсөөл дөө! 

Цэнхэр туяа фосфорыг нэвтлэн мянга дахин нэмэгдсэнээр нарийн цагаан туяа болж гэрэл ойгчийг цохино. Гэрэл ойлгогч нь мөн жирийн загварыг бодвол гурав дахин бага буюу ердөө 30 мм юм.

Энэхүү гэрэл нь харанхуйг нүдэнд тааламжтай цагаан гэрлээр зүсэж хийн зарчимт гэрлэн ламптай харьцуулбал (баруун зураг) замыг хамаагүй тод гэрэлтүүлэх аж.

Түүгээр ч барахгүй холын гэрэл нь 600 м замыг гэрэлтүүлнэ гэвэл ямар санагдаж байна?
Лазер гэрэл сарнидаггүй тул гэрэл нэлээн нарийн болсноор гэрэлтүүлэх орчинг хүссэнээрээ тааруулж болох юм. Өөдөөс ирэх болон нэг эгнээнд зорчих автомашинуудад саад болохгүй нь тулд холын гэрлийг “хай бим ассистант” (High Beam Assistant) горимоор тохируулна.

 

 

Зураг