Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Огцруулах сайд дөрөв биш ХОЁР болсон уу?

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Манай бүлэг дээр сайд нарыг нэр зааж огцруулах асуудал яригдаагүй” гэсэн тайлбарыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэв. 

Ингэж хэлэх болсон учир нь өнгөрөгч Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар нэр бүхий дөрвөн сайдыг огцруулах тухай яригдсан гэх шуугиан дэгдсэнтэй холбоотой. Гэхдээ ийм яриа МАН-ын бүлэг дээр яригдаж тэр тусмаа хэн хэний тухай яригдав гэдэг нь ч тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. 

Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл Мэндийн сайд А.Цогцэцэг, Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат нарыг огцруулах тухай асуудал яригджээ.  

Гэхдээ энэ дуулиантай хамт МАН-ын бүлгийнхэн өөрсдөө сайд нараа огцруулахгүй, хүний гараар могой бариулах замаар буюу АН-ын бүлгийнхнээр асуудлыг “босгуулах” гэж байна гэх хардлага ч яваад эхэлсэн байна. 

Харин МАН-ынхны үгүйсгэсээр байгаа энэ мэдээлэл намжих нь байтугай газар авсаар дөрвөн сайдаас хоёрыг нь огцруулах нь үнэн гэсэн мэдээлэл барин тавин яригдаж эхэллээ. 

Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь хоёрын асуудлыг орхиод А.Цогцэцэг, Д.Ганбат нарыг огцруулах тухай яриа үргэлжилсээр байгааг талаар чих дэлсэв. Үүнтэй зэрэгцээд Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх ЭМ-ийн сайд А.Цогцэцэгийг хатуухан зэмлэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдав

Уг бичлэгт орон нутагт хэрэгцээтэй эмнэлгийн машины асуудлыг шийдэж чадаагүйгээ тайлбарласан ЭМ-ийн сайдын тайлбарыг Шадар сайд үгүйсгэж хариуцсан ажлыг нь өөр хүнд даалгаж байгаа харагдсан. 

Салбарын сайдад хатуу үг хэлж буй Шадар сайдын бичлэг санаатай, санаандгүй алин болох нь мэдэгдэхгүй ийнхүү цацагдсан нь хоёр сайдыг огцруулах асуудалтай холбоотой байж ч мэдэх билээ.

БИЧЛЭГ: