Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Залуусын 50 орчим хувь нь эрүүл мэндийн мэдээлэл хаанаас авахаа мэддэггүй

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 11 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс их, дээд сургуулийн багш болон оюутны зөвлөлтэй хамтран уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Ж.Энхзулаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Энэ жил ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ. Ямар арга хэмжээг зонхилон зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны төлөвлөгөө, стратегид тусгагдсан бэлгийн замын халдварт өвчин буюу ХДХВ-ын эрсдэлээс сэргийлэх талаар өсвөр үе, залуучуудад зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлийн хүрээнд өнөөдрийн сургалт болж байна.

Ер нь 15-25 насны залуучуудад эрүүл мэнд болон ХДХВ-ын талаарх зөв мэдээлэл, сурталчилгааг түгээхийн тулд Скайтел, Юнител, Мобиком компаниар дамжуулан 395 мянган хэрэглэгчдэд мессежийг илгээнэ. Мөн мэдээлэл, сурталчилгааны материалуудыг түгээхээр төлөвлөсөн. Сургуулийн оюутны дотуур байранд сургалт явуулна. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн эмч нарын уулзалт болж байна. Энэ уулзалтаар бид 150 гаруй эмч болон оюутны холбооны төлөөлөлтэй хамтран ХДХВ-ын чиглэлээр хийх үйл ажиллагаагаа хэлэлцэх гэж байна.

Ингэснээр оюутны холбоод нь сургуулийн эмч, эмнэлгийн ажилтнаа дэмждэг, хамтарч үйл ажиллагаа зохион байгуулдаг сүлжээг бий болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн эмч нарын фэйсбүүк хаяг нээгээд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн сургуулийн эмч нартай хамтраад илүү ойр ажиллах боломж нээгдэх юм.

-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хүн амд эрүүл мэндийн талаарх зөвлөгөө зөвлөмж хүргэдэг шүү дээ. Энэ чиглэлээр ирэх онд үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? 

-Ер нь оюутны “Эрүүл мэндийн дэмжих өдөр”-ийг жил бүр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг. Мөн арванхоёрдугаар сарын 1-нд ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн өдөр байдаг. Тиймээс энэхүү өдрийг тэмдэглэн, олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэр үйл ажиллагааны эхлэл нь энэхүү сургалт гэж ойлгож болно. Их дээд сургуулийн эмч нартай энэ удаад уулзлаа. Мөн бид 21 дүгээр сургууль дээр Ерөнхий боловсролын сургуулийн эмч, оюутны холбоонд сургалт, уулзалт зохион байгуулна.

Бид зөвхөн ХДХВ-ын талаарх мэдээлэл гэлтгүй хүн амыг шууд үхэлд хүргэж буй бөөрний дутагдал, тархинд харвалт, зүрхний шигдээс зэрэг асуудлаар иргэдэд дараах хуваарийн дагуу уулзалт сургалт хийж, хүн амд өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, брошур хуудас тараах юм.

Түүнчлэн энэ сарын 24-нд өглөө 11:30- 12:30 цагийн хооронд мэдээлэл сурталчилгааны материал тараана. Тэгэхээр олон төрлийн сургалт, уулзалтыг цаашид хийхээр төлөвлөсөн. 

-Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд чиглэсэн судалгааг танайхаас гаргадаг уу? 

-Өсвөр үе, залуучуудын дунд явуулсан мэдлэг хандлагын судалгаанаас харахад нийт залуучуудын 50 орчим хувь нь эрүүл мэндийн мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй гэж хариулсан байдаг. Энэ маань юу гэж байна вэ гэвэл залуучууд мэдээлэл сурталчилгаагаар дутмаг байна. Тэдэнд мэдээллийг сайн хүргэх ёстой, мэдээллийн эх сурвалжуудыг сурталчилж өгөх ёстой юм байна гэж бид үзсэн.

Зураг