Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Манай бүлэг дээр сайд нарыг нэр зааж огцруулах асуудал яригдаагүй

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт хуралдах үеэрээ нэр бүхий дөрвөн сайдыг огцруулахаар ярилцсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гараад буй. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа. 

Тэрбээр "Өнөөдөр анх удаа л сонсож байна. Манай бүлэг дээр сайд нарыг нэр зааж огцруулах, ажил төрлөө хариуцлагагүй хийж байгаа тухай нэг ч асуудал яригдаагүй. Тийм зүйл ярих хугацаа ч биш. Засгийн газрыг хурдтай ажиллах, шийдвэрээ хурдан гаргах гээд ерөнхий шаардлагуудаа л байнга тавьдаг.

Ер нь эдийн засаг хямарсан, бас эгзэгтэй ийм үед тодорхой зорилгоор, өөрөөр хэлбэл МАН-ыг хагаралдуулах, бутаргах, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх гэсэн явуулга гарч байх шиг байна. Эдийн засгийн хүнд үе, улс төрийн тогтворгүй байдалтай хавсрах юм бол Монгол Улсад юу болох вэ. Ийм сонирхолтой хүмүүс л энэ яриаг зохиож гаргасан юм болов уу даа. Тэдгээр хүмүүст харамсаж байна. МАН бол улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг нам. Манай нам улс төрийн ёс зүйтэй, хариуцлагатай улс төрийн хүчин.

Бид Засгийн газрын ажлаа эхэлж, байх хооронд сайд нарыг дотроос нь сугалж эхэлдэг тийм улс төрийн хүчин биш. Засгийн газрын гишүүдэд амлалтаа сайжруулах, засч залруулах тал дээр нь анхааруулж, энэ бол аль ч ардчилсан, чөлөөт нийгэмд байдаг зүйл. Ямар нэг байдлаар яригдаагүй, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх гэсэн аливаа мэдээллийг нягталж шалгалгүй, баримт нотолгоогүйгээр нийтэд мэдээлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна" гэв.