Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс дахь гарааны бизнесийн орчны зураглал

ikon.mn
2016 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнөө цагийн хамгийн шилдэг энтрепренерүүдийн нэг болох Элон Маск нэгэнтээ "Миний мөрөөдлийг биелүүлж чадах цорын ганц орон бол Америк" хэмээн хэлсэн удаа байдаг. Элон Маск яагаад тэгж хэлсэн бэ? Америк улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, эсвэл дураараа дургих боломж олгодог газар болохоор уу? Элон Маскын мөрөөдлийг бодож үзэцгээе. Тэрээр “дэлхийг өөрчлөхийг” хүссэн. Түүнд “галзуу” санаанууд байсан. Харин түүний гайхалтай санааг дэмжих орчин хаана бүрдсэн бэ? Мэдээж Америк улс байсан. 

Америк улс гарааны бизнесээ эрхлэгчдийг дэмжих сайн орчинг бий болгосон. Тэнд гарааны бизнесүүд шаардлагатай бүхий л боломж бололцоогоор хангагдсан учир өдөр бүр олон мянган шинэ санаа төрөн гарч, зарим нь бүр дэлхийн хэмжээний компани болдог. Бусад улс орнууд ч өөрсдийн Элон Маскыг төрүүлэх ийм орчныг бий болгохоор судалж, дуурайж байна. Англи, Канад, Герман, Сингапур, Хятад, Энэтхэг гэх мэтээр олон орон өөрсдийн гарааны бизнесийг дэмжихээр тогтвортой орчныг амжилттай бий болгож байна. Тэгвэл Монгол улсад нөхцөл байдал ямар байна вэ?

Бид энтрепренер, гарааны бизнес хэмээх нэр томьёотой танилцаад багагүй хугацаа өнгөрчээ. Манайд олон залуу энтрепренер төрөн гарч, гарааны бизнесүүдийг үүсгэн байгуулж байна. Тэдний цөөн нь амжилт олж, ихэнх нь амжилтгүй дуусаж байгаа. Үүний гол шалтгаан нь бид гарааны бизнесийг хөгжүүлэх сайн орчинг бий болгож хараахан чадаагүй байгаатай холбоотой гэж болно. 

Ийм орчинг бий болгох нь аль нэг байгууллага, цөөн хэдэн хүний хийх ажил биш, бодлого боловсруулагчид, их сургууль, эрдэм шинжилгээний институтүүд, банк санхүүгийн байгууллагууд, томоохон компаниуд, энтрепренерүүд гэх мэт олон талын оролцоотой хөгжих бодлогын асуудал юм. 

МУИС-ийн Бизнесийн сургуулиас санаачлан 2014 оноос "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган"-ыг зохион байгуулж ирсэн бөгөөд өмнөх жилүүдэд энтрепренершип, гарааны бизнес хэмээх ойлголтыг нутагшуулахад анхаарлаа хандуулж байсан бол энэ жилийн Чуулган гарааны бизнесийн тогтвортой орчин бий болгох асуудлаар талуудын дунд ойлголцол, хамтын ажиллагаа бий болгоход төвлөрч байгаа аж.

Чуулганыг зохион байгуулагчдын зүгээс АНУ-ын Founders Institute-ын Startup Ecosystem Canvas аргачлалаар Монгол улс дахь гарааны бизнесийн орчны зураглалыг гаргасан байна. Энэхүү зураглалын тусламжтай та өөрийн гарааны бизнесийг эхлүүлэх, өргөжүүлэхэд туслах байгууллага, хүн, үйл ажиллагаануудыг мэдэж авах боломжтой юм.

Та “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2016” үйл ажиллагаанд оролцон энэхүү загварт дурьдагдсан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, гарааны бизнесийн орчныг хөгжүүлэх хэлэлцүүлгүүдэд өөрийн санаа бодлыг тусгуулах бүрэн боломжтой.

Энтрепренершипийн чиглэлээр Монгол улсад зохион байгуулагддаг хамгийн том үйл ажиллагаа болох "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган" 3 дахь жилдээ болох гэж байна.

Та https://goo.gl/uMpwKj линкээр бүртгүүлэн тасалбараа худалдан аваарай.

“Монгол Улс дахь гарааны бизнесийн орчны зураглал”-тай танилцана уу. /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/