Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдээ асарч буй ээжүүдийн нийгмийн баталгааг хангах" хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхний асуудал "Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" -ийг хэлэлцэх эсэхийг шийдэх байв.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг өргөн мэдүүлсэн юм. 

  • Хүүхдээ асарсны тэтгэмжийг ээжүүд даатгалд хэрхэн хамрагдсан хэлбэрээсээ үл хамаараад 100 хувь авдаг болох,
  • Хүүхдээ гурван нас хүртэл харж байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, улсад ажилласан жилийг нь тасалдуулахгүй байх,
  • Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцож байх,
  • Малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулахыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцсний эцэст 89.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 


Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгаан

Монгол Улсад эхчүүдийн нийгмийн баталгааг хангахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль гол үүрэг гүйцэтгэж байгаа. 

Уг хуулийн дагуу  нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг.

Эмэгтэйчүүдийн тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахисан үедээ ажилгүй болох нөхцөлд орлогогүй болохоос хамгаалах сайн талтай ч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдож нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг талтай байна. 

Ялангуяа  эдийн засгийн өсөлт бага, хямралтай үед эмэгтэйчүүд тэтгэвэр эрт тогтоолгох явдал түгээмэл  ажиглагдах боллоо. Мөн эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд даатгуулсан хэлбэрээс нь хамааруулан ялгаатай олгож байгаа нь ижил тохиолдлоор орлого олох боломжгүй болсон нөхцөлд сайн дураар даатгуулсан эхчүүд бага тэтгэмж авч эрх ашиг нь зөрчигдөж  байна. 

Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар нь эрт буурах, хүнд өвчин тусах эрсдэл, эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байна. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин луу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай боллоо. 

Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгохын тулд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Тэтгэмжийн даатгалын сан болон улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргах шаардлагатай бөгөөд жилд 37962.0  сая төгрөг шаардагдана. Үүний дийлэнх буюу 81.9 хувийг нийгмийн даатгалын сангаас, үлдсэнийг ажил олгогч, улсын төсвөөс гаргах боломжтой.

Хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж  мөрдөнө хэмээн танилцуулгадаа дурьджээ.