Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Баярцогтын данс илэрч байх үед энэ хуулийг баталсан бол хариуцлага хүлээлгэж болох байсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. 

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид офшор бүсэд данс эзэмшихийг хориглосон хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж 64.8 хувийн саналаар дэмжигдлээ

Уг асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа, бизнесийн салбар хурдацтай хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олширч, эдгээр компаний хувьцаа эзэмших, гадаад улсад данс нээлгэх иргэдийн тоо өссөөр байна. 

Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг офшор бүс, гадаад улсад банкны данс болон гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байна.

 

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна” гэсэн юм. 

Ингээд чуулганы үеэр хууль санаачлагчаас асуусан гишүүдийн асуулт болон зарим гишүүний байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Сүүлийн үед офшорыг хууль ёсны зөв юм шиг мэтээр ойлгуулах мэдээлэл газар авч байна. Офшор бол авлигатай холбоотой мөнгөний эх үүсвэрийг нуудаг, аж ахуй нэгж татвараас зайлсхийж мөнгөө хадгалдаг шүү дээ. Яагаад татвараас нуусан мөнгийг зөвшөөрөх гээд байгаа юм бэ. Өмнө нь дансаа нээчихсэн төрийн болон улс төрийн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү. 

Гэр бүлийн гишүүн, төрсөн ах дүү, эцэг эхтэй нь хамааруулж болох уу.  УИХ-ын гишүүн сонгогдохоосоо өмнө данстай байхыг хориглох боломж байна уу? 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ХОМ гаргадаг хүмүүс офшор данстай байхыг хориглоно. Офшорыг дэмжсэн биш хориглосон хууль болсон. Ах дүү, найз нөхөд, аав ээжийнхээ нэр дээр данс нээхийг хориглох боломж байгаа эсэхийг судалсан.

Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлын улмаас гэр бүлийн иргэдийг нь данстай байхыг нь хориглож болохгүй байгаа юм. Гэхдээ хэн нэгний нэр дээр мөнгө хадгалсан бол олж тогтоон, хариуцлага тогтооно. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: -Хориглосноор энэ асуудал шийдэгдэх үү? Гадаадад ажиллаж байгаа албан тушаалтнууд гадаадад ажиллахдаа гүйлгээ хийж, онлайнаар төлбөр тооцоо хийсний хариуд хариуцлага хүлээх юм уу. Бусад улсуудад шууд хориглодоггүй шүү дээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг гадаадад данс эзэмшдэг асуудалд өнөөдөр ямар ч зохицуулалт байхгүй байна. Офшор бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа байгаа юм. Гэтэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс хууль бус үйлдэл хийж байгаа юм шиг.

Нөгөө талаар хууль бусаар олсон мөнгөө хадгалж байгаа иргэд хуулийн дагуу мөнгөө хадгалуулж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Энэ хууль батлагдсанаар энэ асуудлыг бүрэн зохицуулна гэсэн үг.

УИХ-ын Б.Пүрэвдорж: -Эх оронч бус хүмүүс татвараас зугтаж мөнгөө аваачиж офшорт нуугаад байгаа юм. Хуульд өмнөх офшорчид хариуцлага хүлээхгүй гэж заасан юм бишүү. Өмнө нь офшор данстай байсан хүмүүст яаж хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Хууль эргэж үйлчилдэггүй гэдэг зарчим байдаг. Энэ хуулийг 2013 онд буюу С.Баярцогт гишүүний данс илэрч байх үед хуулийг баталсан бол офшор данстай нийтийн албанд ажиллаж байгаа нөхөд хариуцлага хүлээх боломжтой байсан юм. Энэ асуудлыг яаралтай зохицуулахгүй бол таны хэлж байгаа 50 офшортон чинь одоо 500 болох болов уу. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Манай улсын хувьд солгой гараараа хууль бус зүйлийг дараад баруун гараараа дэмжээд байдаг юм. Өмнө нь “буруу замаар” мөнгө олж байсан нөхөд хариуцлага хүлээх боломжгүй болоод байна.

Хөрш орнууд 5-10 жилийн өмнө авлига авсан хүмүүсийг олж хариуцлага тооцож байна. төрийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсээс гадна гэр бүлийн хүн нь гэж нэмж оруулж болох уу. Өөрийнхөө нэрээр мөнгөө мөнгөө нуудаг хүн цөөн шүү дээ. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: -Ажлын хэсгийн төвшинд гэр бүл, найз нөхөд, хамаарал бүхий нөхөд гэж өргөсгөх үү гэдэг асуудал яригдсан юм. Аливаа хуулийг өргөн мэдүүлэхдээ Үндсэн хуультай нийцүүлэх ёстой.

Гэтэл Үндсэн хуульд гэр бүлийн гишүүд, төрөл садныг хамааруулж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа юм. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийг оруулж ирж байгаад туйлын баяртай байна. Энэ хууль нь цаг үеэ олсон хууль байна. Ажлын хэсгийнхан гадаад орны туршлагыг багагүй тусгаж өгсөн байна. ХОМ гаргадаг албан тушаалтанд хамааралтайгаас бус хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүст хамаарахгүй гэдгийг сайн мэдээлэх ёстой.

Тэгэхгүй бол гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж магад болоод байна. Төрийн өндөр албан тушаалтан, төрийн болон улстөрийн алба хаагчдын эрхийг энэ асуудал дээр хязгаарлаж өгөх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2013 онд ОХУ Ерөнхийлөгчийн зарлиг гаргаад төрийн албан тушаалтны жагсаалт гаргаад гадаадад данс эзэмшихийг хориглосон. Энэ нь тус улсын хуульд нэмэлт болж орсон байдаг. Энэ асуудал дээр улстөржих хэрэггүй.

Оюутан байхдаа 10 ам.долларын данс нээж байсныг нь данстай гээд “очиж дансаа хаа эсвэл хариуцлага хүлээ” гэж болохгүй л байх.