-Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд -
Засгийн газрын хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой зэрэг компанийн удирдлагуудад тодорхой үүрэг өгсөн. Энэ үүргийн биелэлтийг хангах, хяналт тавих, мөн Гашуунсухайтын боомтын талаар авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох сайд нар үүрэг болголоо.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад, валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Тухайлбал:
“Төрийн үйлчилгээ”, “Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа” гэж төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тус тус зогсоож, тус хоёр үйлдвэрийн газрын гүйцэтгэж байсан чиг үүрэг, хөрөнгө санхүү, хүний нөөцийг нийлүүлэн “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчиллөө. Мөн тус газрын дүрмийг баталлаа.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Үндсэн чиглэлийн төсөлд ирэх дөрвөн жилд 259 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ. Холбогдох нийт 43 байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн уг үндсэн чиглэлд тусгах хууль тогтоомжийн жагсаалтыг гаргасан байна. Ирэх дөрвөн жилд өөрчлөх 260 хууль, тогтоолын төслийг санаачлагчаар нь үзвэл Засгийн газар 238, УИХ-ын гишүүд 17, Ерөнхийлөгч 4 хуулийн төслийг санаачлахаар тус тус тусгажээ.
Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Зөвлөлийн бүрэлдэхүүний Монголын хэсгийн даргаар Монгол Улсын Шадар сайд ажиллана. Зөвлөлийн анхдугаар хуралдаан ирэх сард БНХАУ-ын Бээжин хотод болох юм. Уг хуралдаанд болон хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх арваннэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэнэ. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг саадгүй, тасралтгүй явуулах нь эдийн засгийн болон нийгмийн ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Тийм учраас уг хуулийн төслийг батлагдах хүртэлх хугацаанд үйлчлэх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжих хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах түр журмыг баталлаа. Уг түр журмаар 2016 онд олгогдох 35 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
Товч мэдээ