Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

2017-2019 онд инфляцийг зургаан хувьд барих нь

Ж.Отгон
2016 оны 11 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсөв болон мөнгөний бодлогын хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр 10.8 их наяд төгрөгт хүрчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр хурал-даж, зургаан асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг хэдээр тооцон тусгаж байгааг тодруулсан юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын тайлбараар Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 2,250 төгрөгөөр тооцохоор оруулж ирсэн байсан аж.

Байнгын хороогоор ал асуудлыг хэлэлцэх шатанд ханш дээр тодорхой бодлого гаргаж явах нь зөв юм гэж үзэн, төсөв батлах өдөр долларын ханш хэд байна, түүгээр тооцон тусгахаар болж, зарчмын санал гаргасан нь дэмжигдээд явж байгаа юм байна. Иймээс УИХ-аас 2017 оны төсвийн хуулийн төслийг батлах өдрийн валютын ханш суух болж байна.

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хувьцаат компаниудтай холбоотойгоор авах арга хэмжээ холбогдож буй юм.

Учир нь төрийн өмчит оролцоотой 87 аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэдгээрийн өр 10.8 их наяд төгрөгт хүрээд буй. Иймээс өр авлагын хэмжээг бууруулах чиглэлээр ажиллах, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд зөвхөн эрхлэх асуудлыг нь хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл ордог байх зарчимд шилжих зэрэг тодорхой даалгавруудыг дээрх тогтоолын төслийн хүрээнд Засгийн газарт өглөө.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Оюу-толгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, ‘Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа ч хугацааны талаар тодорхой хариу хэлэхийг хүссэн.

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны төсвийн төсөлд Оюутолгой” төслийн далд уурхай, ‘Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр тусгагдсан байгаа.

2017 онд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Харин татварын хөнгөлөлтийг багасгах. нэг мөр болгох, Татварын багц хуулиудыг шинэчлэх талаар бид ажиллаж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Инфляцийн зорилт зургаа болбол Монголбанк бодлогын хүүгээ өсгөнө гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2017-2019 онд инфляцийг найман хувьд барих” зорилтыг зургаа болгож бууруулах гэсэн зарчмын зөрүүтэй гаргасан.

Тэрбээр энэ талаар “Монголбанкныхан валютын ханш өсөөд байгаа, инфляц нь дифляц руу ороод байгаа үдсэн шалтгаанаа зөв тодорхойлж чадахгүй байна. Учир нь мөнгөний нийлүүлэлт 7.7 их наяд байгаа учир валютын ханш нэмэгдээд байгаа юм шигээр яриад байгаа.

Гэтэл бодит төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамт, бодит сектор дээр ирж байгаа импортын хэрэгцээ буюу валютын бодит хэрэгцээ үнэхээр огцом өссөнөөс болоод байгаа үгүйг харахаар биш байгаа юм. Тэгэхээр яах арга байхгүй валютын зохиомол эрэлтийг бий болгосон хүлээлт үүсгэсэн мэдээллүүдтэй холбоотой юм.

Тиймээс үүнийгээ Монгол банк хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгчийг валютын нөөцгүй болчихсон гэж зарлаж байхад би түүнийг ёстой мэргэжлийн бус үгийг хэллээ гэдгийг нь хэлж байсан.

Тэгэхээр үүнтэй нэгэн адил инфляцийн хэмжээг өндөр тавьчихвал инфляц өсөх юм байна гэдэг хүлээлт бий болгоно” хэмээн тайлбарлаж байлаа. Тиймээс ч З.Нарантуяа гишүүний уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Харин энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал.Баярдаваа Монголбанк болон ОУВС-ийн төсөөллөөр 2018 оны эхээр инфляц долоо орчим хувьд хүрэхээр байгаа. Тэгэхээр инфляцийн зорилтыг зургаан хувь болгож бууруулж байгаа бол Монголбанк ирэх оны сүүлээр бодлогын хүүгээ өсгөх болж таарна” гэлээ. Улмаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан горимын санал гаргасан юм.

Тэрбээр инфляцийн зорилтыг зургаан хувиар хязгаарлах тухай санал нь эдийн засгийн идэвхжлээ хязгаарлах, Төв банкны бодлогын орон зайг хумьсан шийдвэр болж байгаа тул уг санал хураалтыг хүчингүй болгох талаар санал гаргалаа. Гэсэн ч байнгын хороонд оролцсон гишүүдийн олонх нь горимын саналыг дэмжсэнгүй.

Тиймээс байнгын хорооны энэхүү саналыг УИХ-аар дэмжвэл Монголбанк Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд 2017-2019 онд зургаагаас хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээх юм.

Д.Ганбат: Шинэ нисэх буудлын ажил 99.4 хувьтай байна

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Хөшигийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барих ажил 2015 онд эхэлсэн юм. Гүйцэтгэгчээр нь Японы “Мицубиши” шалгарч, барилга байгууламжийг 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр ажлаа эхлүүлж байсан. Зам тээврийн хөгжлийн сайдын мэдээллээр бол 2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны байдлаарх шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 99.4 хувьтай байна.

Үүнд, онгоц хөөрч буурах зурвас, явгалах зам, зорчигч үйлчилгээний барилга, онгоцны зогсоол, гүүрэн байгууламж, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах аврах албаны барилга, ус цэвэршүүлэх болон бохир ус цэвэрлэх байгууламжууд, дулааны станц, шатахуун хангамжийн иж бүрэн байгууламж, дэд өртөө, үерийн хамгаалалт, далан суваг, мэдээлэл холбооны сүлжээ, нисэх хамгаалалтын төмөр бетон ган хийц бүхий барилга байгууламжийн ажлууд үндсэндээ дуусчээ.

Эдгээр ажлыг ашиглалтад өгөх дүгнэлт гаргах комисс ажиллаж эхэлсэн. Харин хоёр талын эх үүсвэр бүхий 110 квт-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станц байгуулах, Улаанбаатар хотоос интернэт холбоо мэдээллийн шилэн кабель татах, Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүртэл хурдны зам тавих, үерийн хамгаалалтын далан, захиргааны барилга, аэродромын засвар үйлчилгээний барилга барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих үүргийг Монголын тал хүлээсэн байна.

Эдгээрээс захиргааны барилга, ачаа тээврийн шуудан үйлчилгээний барилга, аэродромын засвар үйлчилгээний барилгуудыг Монголын “Би эйч би” компани гүйцэтгэхээр Зам тээврийн яамтай гэрээ байгуулан 2016 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж байсан, ажлынх нь гүйцэтгэл 29.3 хувь буюу 4.4 тэрбум төгрөгийн ажлыг компани өөрийн хөрөнгөөр хийсэн, санхүүжилт хийгдээгүйн улмаас ажил зогсчээ.

Хурдны замыг БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэж буй аж. Ажлын гүйцэтгэл 32 хувьтай, ирэх онд багтаан авто замыг барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж буй аж.

Зураг