Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад паспорт дээрээ заавал наалт наалгах ёстой юу?

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 8
iKon.MN
 

Иргэд гадаад паспорт дээрээ заавал наалт наалгах эсэх талаар Гадаадын иргэн харьяатын газрын Буянт-Ухаа дахь сүлжээ хариуцсан шалгагч Э.Золбаяраас тодрууллаа. 

-Гадаад паспорт дээрээ заавал наалт наалгаж байж хилээр нэвтрэх боломжтой гэж ойлгоод байгаа. Энэ талаар та тайлбарлавал?

-“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар зорчиж буй иргэд цахим гарцын үйлчилгээг түргэн шуурхай авахын тулд энэхүү наалтыг наалгаж байгаа. Үүнийг заавал наалгах ёстой гэсэн зүйл байхгүй. Мөн автозамын болон төмөр замын боомтоор үйлчлүүлэхэд наалт наалгах шаардлага байхгүй. 

-Хэзээнээс нааж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн Баасан гарагаас нааж эхэлсэн. Өдөрт 100 гаруй иргэн бүртгүүлж, наалт наалгаж байна. Наалтыг наалгахад ямар нэгэн үнэ төлбөр байхгүй. Иргэд сайн дураар бүртгэл хийлгэж, наалт наалгана. 

 

-Наалт наалгасны давуу тал нь юу вэ?

-Цахим гарц ашиглан цаг хугацаа хэмнэх боломжтой. Паспорт болон хурууны хээгээ уншуулаад хилээр нэвтэрнэ. Иргэдэд нэг зүйл анхааруулахад, визтэй оронд нэвтэрч байгаа тохиолдолд визээ 100 хувь  өөрөө хариуцна гэсэн шаардлага тавьж байгаа. Учир нь цахим гарц гадаад улсад зорчих визийг шалгах боломжгүй. Тиймээс бусад улсад нэвтрэхэд визээ өөрөө хариуцна.

-Наалтад хүчинтэй хугацаа гэж бий юу?

-Байгаа. Энэ нь паспортны дуусах хугацаанаас зургаан сарыг татаж, наалтын хугацааг тооцож байгаа. Жишээлбэл, ирэх оны наймдугаар сард хүчинтэй хугацаа нь дуусах паспорттай бол наалтын хугацааг ирэх оны хоёрдугаар сард дуусахаар бүртгэж байна.

 

Иргэд хүсвэл Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр энэхүү наалтыг наалгах боломжтой.