Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Тэтгэвэр, халамж авдаг иргэд банкаа өөрсдөө сонгодог болно

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр 2017 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед зарим буруу ташаа мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.  

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр “65-69 настай ахмадууд жил тус бүр хоёр удаа 50 мянга, 70-79 настнууд жилд хоёр удаа 80 мянга, 80-89 настай ахмадууд жилд хоёр удаа 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад жилд хоёр удаа 250 мянган төгрөг насны хишиг болгох өгөхөөр болоод байгаа. Энэ хүрээнд 121,905 ахмад настан хамрагдаж, 20 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн байна. 

Н.НомтойбаярТэтгэврийн зээлийн хүүг шатлалтай бууруулъя гэж байгаа. 15,12, 9 хувьд хүргээд улмаар 50 хүртэл хувиар бууруулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдтай санал солилцсон. 

Тэтгэвэр авагч болон халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэд сонголтгүйгээр Хаан банк, Төрийн банкаар үйлчлүүлдэг. Энэ нь нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хүндрэл учруулдаг. 

Тухайн банк руугаа явах гэж зам зуур байгаа олон банкийг алгасч, цаг хугацаа, зардал мөнгө гаргадаг. Энэ байдлыг өөрчилж тэтгэвэр, халамжийн үйлчилгээ авч байгаа иргэд өөрсдөө банкаа сонгож үйлчлүүлдэг зарчмыг баримтлая гэж байгаа. Энэ хүрээнд яамны зүгээс холбогдох хүмүүст чиглэл өгч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдлээ танилцуулна. Ингэснээр арилжааны банкуудын дунд өрсөлдөөн бий болж, хүү буурах, үйлчилгээ сайжрах зэрэг давуу талууд бий болно. 

ХНХЯ-ны зүгээс Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт оруулсан. Энэ шалгалтын дүн өнөөдөр эцэслэгдэж байна. Шалгалтын дүнг арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанд танилцуулна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мөн шалгалт хийсэн. Энэ долоо хоногт дуусч байгаа. Холбогдох мэдээллийг байнгын хороо, шаардлагатай бол УИХ-ын чуулганд танилцуулна. 

Гадны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамрагдаж байсан,  хамрагдахаар төлөвлөж байсан сургуулиуд амьдрал дээрээ байдаггүй. Тэгсэн хэр нь оюутны хувьсах зардал болох 560 мянган төгрөгийг авч байсан ноцтой зөрчлүүд гарсан" гэв.

Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МСҮТ-үүдэд хийсэн шалгалтаар ямар зөрчил илэрснийг зарлаж болох уу?

-Яамны харьяа 37, улсын хэмжээнд нийт 93 сургууль байна. Эхний 29 сургуульд хийсэн.  Эдгээрээс нэг сургууль 54 сая гаруй төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон төсвийн хөрөнгөөс авчихсан байх жишээтэй. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.  

-Төрийн банкнаас Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг татна гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ? 

-Төрийн банк өөрсдийн үйл ажиллагааны зардлаа бууруулж чадахгүй, бусад банкуудтай өрсөлдөж чадахгүй бол төр заавал Төрийн банкийг дэмжээд байх шаардлага байхгүй. 

-Япон улс руу дадлагжигч ажилчин бэлтгэх асуудал яригдаж байсан. Энэ ажил юу болсон бэ?

-Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Японы парламентийн доод танхим энэ асуудлыг дэмжсэн. Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн дээд танхимын хуралдаанаараа асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр байгаа гэсэн мэдээллийг аваад байна. 

Хэрэв энэ асуудал шийдэгдвэл МСҮТ-д сурч байгаа залуус болон ажилгүй иргэдээ Япон руу дадлагжигч байдлаар илгээнэ. Өөрөөр хэлбэл, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч ажилтан илгээе гэж байгаа юм. Энэ нь Японд дадлагажсан ажилтнуудаа Монголд ирэхэд нь тосож авах ажлын байртай байна гэсэн үг. 

Мөн Хойд Солонгосоос ажиллах хүч авах асуудлыг тэдний Засгийн газрын талаас тавьж байгаа. Ирэх долоо хоногт багтаад Хойд Солонгосын Элчин сайдтай энэ асуудлаар уулзахаар төлөвлөж байгаа.