Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим хэл шинжлэл хурдацтай хөгжиж, ХУВИЙН ХЭВШЛҮҮД ч бүтээгдэхүүн гаргаж байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Эх хэлний цахим хөгжил-2016" анхдугаар чуулган өнөөдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт боллоо.

Уг чуулганыг Болорсофт компани ивээн тэтгэж, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл болон Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Чуулганаар цахим хэл шинжлэлийн салбарын олон эрдэмтэн судлаач, энэ салбарыг дагнан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хийж буй судалгаа шинжилгээний ажлыг танилцуулж, цахим хэл шинжлэлийн судалгаа ямар түвшинд явж байгаа талаар болон цаашид хөгжүүлэх арга шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ талаар Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, профессор Ч.Лодойравсал “Цахим хэл шинжлэл анх компьютерт Монгол хэлээр бичих, түүнийг хэрэглэх, хэвлэх үйл ажиллагааны шаардлагад үндэслэн хөгжиж ирсэн.

Анхны цахим хэл шинжлэлийн програм бол судар шивэх програм буюу Монгол бичгээр бичвэр боловсруулж, хэвэлдэг систем байсан. Одоо бол цахим хэл шинжлэл нь тусдаа салбар болон хөгжсөний сацуу хиймэл оюуны хамгийн өргөн хэрэглэгдэхүүн болж хувираад байна.

Тэр ч утгаараа Монголд цахим хэл шинжлэл хурдацтай хөгжиж, энэ тал дээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэд ч олон болж байна. Үүнээс гадна нь хувийн хэвшлүүд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн гаргах болсон.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үүний тод жишээ бол өнөөдрийн арга хэмжээг ивээн тэтгэн оролцож байгаа Болорсофт компани бөгөөд өнөөдөр Болор дуран алдаа шалгагч програмын хоёр дахь хувилбарыг танилцуулаад байна.

Цахим хэл шинжлэлийн судалгааны хувьд өнөөдөр бичвэрийг яриа болгох судалгааны ажил биелэлээ олж, хамгийн том хэрэглүүр болох дэлгэц уншигч програмыг хараагүй хүмүүс хэрэглэж байна.

Нөгөө талаас бичвэрийг боловсруулах, бичвэрээс мэдээлэл гаргаж авах, орчуулгын програм, бичвэр хоорондын хөрвүүлэг зэрэг судалгаа тодорхой түвшинд явагдаж байгаа. Эхнээсээ туршилтын загвар гаргасан байгааг өнөөдрийн чуулганы үзэсгэлэнд танилцуулж байна.

Энэ бүх ололт амжилт судалгааны үр дүнгүүд, бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь хэн байх вэ гэдэг тал дээр олон нийт, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдыг хамарсан арга хэмжээг зохион байгуулж байна” хэмээн тайлбарлалаа.


"Эх хэлний цахим хөгжил-2016" чуулганаар Болорсофт компанийн эрхлэн гаргаж буй "Болор дуран" алдаа шалгагч програмын хоёр дахь хувилбарыг танилцуулж, өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ. 2016 онд Болорсофт компани Microsoft компанитай гэрээ байгуулснаар програмчлалын ажил хийгдэж, энэхүү хувилбарыг хөгжүүлсэн байна.

Энэ програмын давуу тал нь Microsoft office програмын бүх хувилбар дээр, Widnows үйлдлийн системийн Хp-ээс хойшхи бүх үйлдлийн систем дээр ажиллах боломжтойгоос гадна "Үг зүйн тайлбар толь"-ийг оруулж өгсөн байна. Үг зүйн тайлбар толиос хэрэглэгч тухайн үгийн хувиргал, бүтэц, утга, дүрэм зэргийг харж болох юм.
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ тухай Болорсофт компанийг үүсгэн байгуулагч С.БадралБид хэл соёл маань янз бүр боллоо гэж асуудал дэвшүүлдэг боловч тодорхой шийдэлд хүрч чаддаггүй.

Харин өнөөдөр бид цахим хэл шинжлэлийн эрдэмтэд ямар судалгаа шинжилгээний ажил хийж байна, хувийн хэвшлүүд ямар үйл ажиллагаа явуулж байна, төрөөс хэлний тал дээр ямар анхаарал тавьж байна, олон нийтийн эх хэлний боловсрол гээд энэхүү дөрвөн талыг холбох гүүр болох үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

“Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганыг манай Болорсофт компанийн зүгээс Үндэсний хэлний зөвлөл, Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамтай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

"Болор дуран" 2.0 алдаа шалгагч програмын хувьд, өнөөдөр мэдээллийн хэрэгслээр алдаа бага гарвал олон нийт ч мөн алдаа бага гаргана. Гэтэл өнөөдөр энэ нь эсрэгээрээ болчихсон байна. Үүнийг хянах хяналтын механизм цахим орчинд байхгүй учраас алдаа гарч байна.

Иймээс тэрхүү хянах механизмыг бий болгохоор Болор дуран алдаа шалгагч програм хангамжийг хөгжүүлсэн. Энэ маань өнөөдөр чуулганы арга хэмжээтэй давхцан нээлтээ хийж байна.

Энэ бүтээгдэхүүн бол манай Болорсофт компанийн 12 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Давуу талын хувьд төрөл бүрийн програм болон internet explorer-той зохицож ажиллаж байгаа.

Цаашлаад бид бусад бүх төрлийн програм, browser-ийн түвшинд зохицож ажиллах боломжийг нэмэгдүүлж, илүү сайжруулан хөгжүүлсээр байх болно” гэв.

Чуулганы фото 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг