Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хашаа байшингаа гурван өрөө орон сууцаар солих уу?

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

"Буянт-Ухаа 2" хороололд борлогдоогүй үлдсэн 200 гаруй айлын орон сууц байгаатай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хашаа байшинг орон сууцаар солих санал гарган хотын удирдлагуудад танилцуулаад байгаа билээ.

Эдийн засаг хямралтай, орон сууцны эрэлт буурсан байгаа энэ үед ашиглалтад орсон орон сууцыг хашаа, байшингаар солих нь гэрэл хорооллын иргэдийг орон сууцжуулах хамгийн зөв хувилбар хэмээн яамны зүгээс үзэж байгаа ажээ.

Хашаа байшинг орон сууцаар солихын тулд  нарийвчилсан журам гаргах ёстой. Тэгвэл уг журам хэзээ гарах, хэзээнээс хэрэгжих талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Барилга Хот Байгуулалтын Яамны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн У.Оргилмаа "Зах зээл дээр ашиглалтад орсон хэдий ч борлогдоогүй олон орон сууц байгаа учраас сайд болон яамнаас бодлогоор хашаа байшинг орон сууцаар солих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.  Сайд энэ саналаа Засгийн газарт тавина. Цаашлаад УИХ-аар хэлэлцэнэ. Газартай холбоотой асуудал яригдаж байгаа учраас Үндсэн хуулийн цэцээр энэ асуудал орох байх. 

Яамнаас бодлогоор хашаа байшинг орон сууцаар солих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Эхний ээлжинд "Буянт-Ухаа 2" хороололд энэ ажлыг хэрэгжүүлэхээр холбогдох газруудад саналаа илэрхийлээд байгаа. Сайд хэд хэдэн удаа "Буянт-Ухаа 2" хороолол орчимд очиж ажилласан. Нисэх орчмын иргэдтэй ч уулзсан. Яамнаас судалгаа хийж үзэхэд нисэх орчмын айлууд хашаа байшингаа орон сууцаар солих сонирхолтой байгаа нь харагдсан. Газар чөлөөлөх ажил их түвэгтэй байдаг ч нисэх орчмын айлуудтай ойлголцоход их амар байгаа".

Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын мэргэжилтнүүд "Хашаа байшинг орон сууцаар солих ажил саналын түвшинд явж байгаа. Энэ асуудлыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны хурлаар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна". 

ТОСК-ийн дэд захирал Д.Оюунжаргал "Яамнаас гарсан санал бидэнд албан ёсоор ирээгүй байна. Яам санал гаргаж, хотын түвшинд яригдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. 

"Буянт-Ухаа 2" хороололд одоогийн байдлаар 200 гаруй борлогдоогүй орон сууц байна. Бүгдээрээ 68.66 метр квадрат хэмжээтэй гурван өрөө орон сууцууд. Орон сууцны метр квадратын үнэ 1,350,000 төгрөг бөгөөд гурван өрөө орон сууц 95 сая төгрөгийн үнэтэй. 

Иргэдэд ямар нэгэн шаардлага шалгуур тавьж "Буянт-Ухаа 2" хорооллын орон сууцыг зарж байгаа гэсэн ташаа мэдээлэл байгаа. Иргэддээ хандаж хэлэхэд  "Буянт-Ухаа 2" хорооллын орон сууцыг нээлттэй худалдаалж байгаа шүү" гэлээ.