Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болголоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгон өөрчилжээ.

Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа.

Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа аж.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ.

Донорын зар сурталчилгаа, зуучлалыг хориглоно

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Мөн уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрхтэн шилжүүлэх мэс заслыг өөрийн оронд хийдэг болох, ингэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулах, амьгүй донорыг дэмжих, амьд донорыг хамгаалах, донорын зар сурталчилгаа, зуучлалыг хуульчлан хориглож хүний наймаанаас сэргийлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. 

Товч мэдээ

  • Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайдын албан ёсны айлчлал нь дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн тэлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой болсон гэж үзлээ.
     
  • Бүлэг жуулчид хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн төслийг боловсруулж БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.