Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Исао Танигучи: Японы дэвшилтэт технологийг эзэмшүүлж, ШИЛДЭГ ИНЖЕНЕР бэлтгэнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аж үйлдвэрлэл, техник технологийн хурдаараа дэлхийд тэргүүлэгч Япон орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон Коосэн боловсролын системийн нэгдсэн удирдлагын төв байгууллага болох Үндэсний Технологийн Хүрээлэнгийн төлөөлөл Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болов.


Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэн нь 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 1962 онд анхны Коосэн сургууль байгуулагдаж, 1965 он гэхэд нийт 45 сургуультай болтлоо өргөжиж, Коосэн дээд боловсрол эзэмшсэн инженерүүд Японы аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийг тэргүүлж эхэлсэн түүхтэй ажээ.

Энэ тухай Коосэн-Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи “Бид инженер болох хүсэл тэмүүлэлтэй хүүхэд залуусыг 15 наснаас нь эхлэн элсүүлж, таван жилийн хугацаанд чадварлаг боловсон хүчин болгон төгсгөдөг.

Манай хөтөлбөрийн гол онцлог нь залууст Япон улсын дэвшилтэт технологийг зааж, дадлага туршлагатай бакалавраас ч илүү мэдлэг чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэдэгт оршиж байгаа юм” хэмээн тайлбарлалаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн энэ талаар Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаяр “Манай улсаас Японд суралцаж байгаа хүүхдүүд ихэвчлэн нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг байсан.

Харин өнөөдөр Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ шаардлага нь инженер технологийн боловсон хүчин болоод байна. Коосэний болосвролын тогтолцоогоор Монголд улсад төрийн өмчийн нэг, хувийн өмчийн хоёр сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.

Төрийн өмчийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүд эхнээсээ Япон улсад суралцахаар болоод байгаа. Бидэнд инженер технологийн боловсон хүчин шаардлагатай байгаа учраас Монгол болон Японы Засгийн Газар хамтран “1,000 инженер бэлтгэх” төсөл хэрэгжүүлсэн.

Энэ төсөл Коосэн сургалтын загвараар явж байгаагаараа онцлогтой. Цаашид бид үйл ажиллагаагаа улам төрөлжүүлж, зам тээвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг хэрэгцээ шаардлага бүхий мэргэжилтнүүдийг хамтран бэлтгэх тал дээр ажиллах болно” гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус хүрээлэн манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр,

  • Аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийн бодлогод авч хэрэглэж болохуйц мэдлэг, мэдээлэл, туршлагын томоохон түшиц суурь бий болно.
  • 57 Коосэн сургуулийг эгнээндээ нэгтгэсэн Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгээр дамжуулан Коосэн дээд боловсролыг Монголдоо эзэмших боломж бүрдэнэ.
  • Хөгжлийн гол түлхүүр болсон мэргэшсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэж, бүтээгчдийг бүтээх боловсон хүчний бодлого хэрэгжинэ.
  • Хэрэглэгч эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжих оюун санааны шинэ үүд хаалга нээгдэх юм.

Коосэний хөтөлбөрөөр боловсрол эзэмшсэн олон шилдэг инженерүүд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд нийт 250 орчим төгсөгч ажиллаж байна.

Нээлтийн үйл ажиллагааны фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг