Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сувд: Д.Нацагдорж нар шиг мандаж Монголын ард түмэнд гэрлээ цацруулж байдаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 2
iKon.MN
 

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож буй. Тус ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театраас их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай “Жаргаагүй нар” түүхийн жүжгийг үзэгч олондоо толилуулах гэж байгаатай холбогдуулсан УДЭТ-ээс хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

"Жаргаагүй нар" жүжгийн нээлт 11 дүгээр сарын 4-ний өдрийн 18:00 цагт УДЭТ-т болох юм. Уран бүтээлийн зохиолчоор Ш.Гүрбазар, найруулагчаар Ч.Түвшин ажиллаж, Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрд жүжигчин Н.Баярмаа тоглож байна. 

Д.Нацагдоржийн талаар Ардын Жүжигчин Н.Сувд "Д.Нацагдорж бол 31-хэн насалсан, үлгэр домог шиг, өөрийнхөө уран бүтээлээр хэзээ ч мөхөшгүй хөшөө босгосон аугаа их зохиолч, сэтгэгч, төрийн зүтгэлтэн. Үнэхээр энэ хүн нар шиг мандаж, Монголын ард түмэнд гэрлээ цацруулж байдаг" хэмээн онцолж хэлсэн юм. 

Харин "Жаргаагүй нар" жүжгийн ерөнхий найруулагч Ч.Түвшин “Энэ жүжиг үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн гэж бид харж байгаа. Яагаад гэвэл манай үзэгчдийн боловсрол их дээшилсэн, бичиг номыг дээдэлдэг цаг үе ирж байна.

Үндэсний ухамсар, утга зохиол, соёлоо дээдэлдэг үзэгчдийн эрэлт хэрэгцээнд Д.Нацагдорж гэдэг түүхэн бодит хүний дүр үгүйлэгдэж байгаагийн сацуу тэр он цагийн түүхэн сэхээтний үе хэрэгтэй байгааг анзаарч байгаа. 

Бид энэ түүхэн хүмүүсийн бичсэн зохиол бүтээл, мэдлэг боловсролыг харуулахаас гадна хувийн амьдрал, хайр сэтгэлийн хандлагуудыг жүжигтээ үзүүлэхийг зорилоо.

Дүгнээд хэлэхэд бид Эх орноо дэлхийд тамгалсан, эрх чөлөөгөө бүтээлдээ тунхагласан, үнэний төлөө жаргаагүй нар, үүрд дурсагдах суут найрагчийнхаа тухай жүжиг хийхийг эрмэлзсэн” гэв. 

Ш.Гүрбазар "хүний хүсэл мөрөөдлийг зогсоох цагт хүн өөрөө мөхдөг"

 

Жүжгийн зохиолч Ш.Гүрбазар “Хоёр зүйлийг үзэгчид анхаарч хараасай гэж бодож байна. Бид Д.Нацагдоржийн амьдрал, намтрыг үнэлэх гэж яараагүй. 
Харин Д.Нацагдорж хэмээх энэ туульсыг яаж үнэлэх вэ гэдэгт анхаарал хандуулсан. Мөн бид энэ жүжгийг улс төр, цаг хугацааны үнэлгээгээр хандахыг огт хүсээгүй. 

Бид зохиолд хэрэгтэй зайлшгүй үйл явдлуудыг түүж жүжигтээ гаргах гэж оролдсон билээ. Энэ жүжиг бүхэлдээ туульсын, чанадын чанадад нэвтрэх гэж хийсэн жүжиг юм. 

Ер нь хүний хүсэл мөрөөдлийг зогсоох цагт хүн өөрөө мөхдөг гэдгийг харуулж байгаа гэж уран бүтээлчид бид бодож байна” гэв. 

“Жаргаагүй нар” жүжгийн нээлт, тоглолтын үеэр үзэгчдэд их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаар “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх ажээ. 

Мөн БСШУСЯ-наас олгодог Нацагдорж тэмдэгтэн шагналтнууд 5,000 төгрөгийн хөнгөлттэй үнээр тасалбар авах боломжтой юм. Тоглолт 11 дүгээр сарын 4-10, 14-17-н хүртэл 11 удаа үзэгчдэд хүрнэ. 

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 10,000, 15,000, 20,000, 25,000 төгрөгийн үнэтэй байна. Тоглолтын тасалбарыг 10-р сарын 26-с УДЭТ-ын касс, Easyticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1188, ticket.mn-ээр худалдан авах боломжтой.