Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын бахархал болсон авьяастанд "Чингис хаан" одонг хүртээлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатарыг "Чингис хаан" одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч​ Ц.Элбэгдорж "Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Энэ өдрийн халуун мэндийг та бүхэнд хүргэе. Монголчууд бахархлыг түгээж, эзэмдэж ирсэн. Бахархлыг хүн бүтээдэг. Монголын бахархлыг Монгол хүн бүтээдэг. Үндэстнийхэээ бахархлыг бүтээж яваа олон Монгол хүн бидний дунд бий. "Чингис хаан одон"-гоор манай нэр хүндтэй хүмүүс шагнагдсан. Олон уран бүтээлчдээс шалгарч тэргүүнд нь зогсоно гэдэг амаргүй. Маринский театрын гоцлол дуучин Г. Ариунбаатарыг "Чингис хаан" одонгоор өнөөдөр шагнах гэж байна. Г.Ариунбаатар 10 хүүхэдтэй айлын ганц хүү. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны Гран при шагналт. Би дуулах бүрийдээ ээж аав эх орон гурваа юун түрүүнд боддог. Тэд надад хүчирхэг хоолойг бэлэглэсэн гэж ярьсан байдаг.

 Ганбаатарын Ариунбаатарын ажил амьдралын өнгөрсөн 10 гаруй жилийн зам дандаа алдрын туузаар бүрээстэй байгаагүй. Малчин айлын хүү. Цас зудтай өвөл, шуургатай хавсаргатай хавар. Малчин айлын хүрч ядсан амьдрал. Олон хөлийн газар сургууль соёл бараадах. Энэ бүхэн тийм амар биш. Ариунбаатарын хувьд хотод байх зардал, сургуулийн төлбөрөө гүйцээж олох гэдэг хялбар зүйл байгаагүй. Харин тэр хэзээ ч гараа хумхиж суугаагүй. Бууж өгөөгүй. Боломж бүхнийг ашиглахыг хичээсэн. Гэвч хувь заяа түүнрүү байнга инээмсэглээгүй. Хайртай багш нь өөд болсон. Сургуулийн төлбөрөө төлж дийлэхээ байсан.

Түүнд зуны дэлгэр цагаар гэртээ харих чөлөө ч олддоггүй үе байсан. Тэр шавар зуурч, тоосго зөөж барилгад ажилласан. Жолооч болох гэж оролдсон,  болсон. Хажуугаар нь моторын тос зарсан. Таксинд явсан. Тэр ажилласаар л байсан. Гэвч сургуулиасаа завсардахаас аргагүйд хүрсэн. Тэр их хотын түм түжигнэж бум бужигнасан амьдрал дунд зорилгодоо хүрэх гэж тэмцсэн бас зүтгэсэн.

Ариунбаатар үнэн амьдралын дунд үнэнээр л явсан. Түүнд унаган хүмүүжил нь тусалсан. Хөдөө нутагт, малын захад төрж өссөн хүүхэд хөдөлмөрөөр л хүмүүждэг. Малчин хүний амьдрал бол ажилчин хүний л амьдрал. Ажил хийхийг амьдрал нь шаарддаг. Үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл хүүхэд томгүй борви бохис хийдэггүй амьдрал. Ариунбаатарын амжилтын үндсийг би түүний унаган хүмүүжилээс, малчин ахуйгаас үүдэлтэй гэж хардаг. Хөдөлмөрч, санаа зөвтэй, зорилготой бол хэн ч байсан, ямар ч амжилтад хүрч болно" гэв.

Г.Ариунбаатар: Миний эх орон бол амьдын диваажин

 

МУГЖ Г.Ариунбаатар "Та бүхэндээ монголчуудын дээд шүтээн Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өлзийт өдөр- Монгол бахархлын өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ баярт өдөр намайг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнаж буйг гүн хүндэтгэлтэй, нэн баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлье.

Би- өнөөдөр эрдэнэт биеийг минь төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн эгэл малчин Аав Ээж хоёр, эрдмийн аянд хөтөлж өдий зэрэгт хүргэсэн билиг авьяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрласан эх нутагтаа баярлаад баярлаад барахгүй байна.

Энэ сайхан нутгаа онож төрсөн их азтай хүн. Хөндий тал хүүшилсэн, мал сүрэг багширсан, дэлхийд хосгүй монгол уртын дууны Баянбараатын аялгууг үеэс үед өвлөн дуулсан өвгөдийн сайхан нутагт би төрсөн. Энэ нутгийн эзэн ард, их хөх тэнгэр, уул ус намайг дуучин болох заяаг минь тэтгэсэн юм.

Би бас их хувь заяанд өсөж өндийсөн хүн. Дуучин болох хүслийн минь галыг бадрааж, дөлийг өрдөж дуулахуйн их эрдэмд шамдуулан, дэлхийн их урлагийн амтыг нь мэдрүүлж, дөрөөнд сүү минь дусаасан сайн сургууль, сайхан багш нар, ачлалт хүмүүстэй учирсан. Миний сонгож эзэмшсэн дуурийн дуулаачийн мэргэжил бол хүн төрөлхтөний оюуны чадамжийг хөгжмийн эгшигт цогцлоосон аль ч үндэстэн ялгаагүй ухаан чадал, хүч авьяасаа сорьдог дээд эрэмбийн урлагт өрсөлдөх боломжийг олгодог. Дэлхийн дуучдын эрэмбийг тогтоох олон удаагийн уралдаан тэмцээнд амжилт гаргаж, алдартан суутнуудтай нэгэн тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа маань ачит багш нар, ард олон, нутаг ус, эх орны минь ач ивээл билээ.

Уралдаан тэмцээн, дуурь, концертын тайзанд дуулахаар гарах тэрхэн агшинд тулаанд орж байгаа эрсийн цэргийн адил – “Би монгол хүн, би Монголын дуучин” гэж өөртөө хэлэхэд нутгийн минь хөх тэнгэр цэлийсхийж, хөхөмдөг уулс нь налсхийхийг мэдэрдэг. Би ингэж хүч авдаг. Хүний газар, тайзнаа дуулахаар гарахдаа “монгол дуучин хаанахын хэнээс ч дутах ёсгүй” гэж, харин өөрийнхөө нутагт “намайг сонссон бүхнийг баярлуулах юм” гэж зоригжуулж бэлддэг.

Монголын сонгодог урлаг, үндэсний урлаг, соёлын үе үеийн уран бүтээлчид, судлаачид, дэмжигч, үзэгч, сонсогч Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлье. Миний гаргасан амжилт бол сонгодог урлагт сэтгэл зүтгэлээ өгсөн олон хүний итгэл, хайр, бахархал, хөдөлмөрийн үр шим юм.

Би монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархдаг. Миний эх орон бол уул ус, говь тал нь бүрдэж хосолсон дөрвөн цагийн улирал тэгш ээлжилсэн уужуу талбиун, уудам цэлгэр амьдын диваажин. Эзэн бид л хичээж чадвал энэхэн замбуулангийн хамгийн сайхан орон, хамгийн хүчтэй гүрэн хэвээрээ байна гэдэгт би итгэдэг. Энэ сайхан орныг минь эцэг өвгөд, Их эзэн Чингис хаан бидэнд хувь болгон үлдээсэн. Чингис хаан маань бидний сүр хүч, сүлд хийморь болон авч явдаг.

Аугаа их Чингис хааныхаа мэндэлсэн өдөр түүний алдрыг дуурсгасан төрийн дээд, тэргүүн зэргийн одонг хүртэж байгаагаа төр түмний цаглашгүй их ивээл хайр надад хүлээлгэж байгаа дуусашгүй өндөр итгэл найдвар гэж үргэлжид сүслэн дээдэлж явах болно.

Сонгодог дуулаачийн урлагт монгол хүний авьяас чадварыг өндөрт өргөж миний ард түмэн, алдар суут хөгжмийн зохиолчдын туурвин бүтээсэн дууны далай их сан хөмрөгөөс дэлхийн хүн зоны сонорт хүргэж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө алд биеэ бүрэн зориулах болно.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын мэргэн үг бий. Монгол хүн бүр, үеийн маань залуучууд хэн ч бай, ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран эвтэй найртай, хүсэл тэмүүлэлтэй, үнэн шударга, эрхэм зорилготой хичээн зүтгэж чадвал Эх орны минь алдар суу дэлхий дахинаа түгэн цуурайтаж, бусдын хүндэтгэлийг олж, дэвжин хөгжих дүүрэн боломж байгаад би эргэлзэхгүй байна.

Хайртай Монгол орноо би бахархан дуулна; Их эзэн Чингис хаан, ухаант өвөг дээдсээ би сүслэн дуулна; аав л ээжий хоёроо би хайрлан дуулна; сайн сайхан бүхнийг би дээдлэн дээдэлж дуулна.

Их эзэн Чингис хааны минь сүлд Та биднийг өргөн тэтгэж монгол хүний хийморь золбоо дээшээ байж, эх орон минь өнө мөнхөд орших болтугай" гэв.

"Чингис хаан" одон шагнал гардуулах ёслолын ажиллагааны зочид 

Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн. Тэрээр Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд төгссөн.

Дуучин Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь

  • М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр,
  • Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр,
  • Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал,
  • П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналыг тус тус хүртсэн билээ.