Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Зоригийн хэргийг илрүүлэх биш хэн нэгэнд үүрүүлэх процесс л яваад байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татагдан баривчлагдсан иргэн С, Ч нарын ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ.

Иргэн С болон Ч нарыг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр буюу нэг өдөр С-г хашааных нь гаднаас, Ч-г ажилдаа явах замд нь саатуулан баривчилсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

С-н ээж Л.Жавзмаа "Миний хүү 461 дүгээр хорих ангид хоригдоод нэг жил хоёр сарын хугацаа өнгөрлөө. 2014 оны хагасаас эхлээд хүүд маань дарамталсан чамайг ална, хядна, танайхыг сүйрүүлнэ, чи С.Зоригийн хэрэгт холбоотой биз дээ гэх мессэжүүд ирэх болсон. Тэр мессэжүүдийг цуглуулж хэвлүүлэхэд 28 хуудас болж байлаа. Тухайн үед хэвлүүлсэн мессэжүүдээ цагдаагийн байгууллагад өгч, шалгаж өгөхийг хүссэн. Гэтэл цагдаагийн байгууллага тоогоогүй. Ингээд 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүүг минь гэрийнх нь гаднаас дөрвөн том хар машинтай хүмүүс ирээд баривчлаад аваад явсан. 

Хүүг минь хаашаа аваад явсныг мэдэх гэж тал талаас асуусан ч огт хэлэхгүй байж байгаад дөрөв хоногийн дараа Тагнуулын байгууллагаас баривчилсан гэдгээ бидэнд мэдэгдсэн. Хүүтэйгээ уулзахаар олон дахин хөөцөлдсөн ч уулзуулахгүй байсан. Саяхан хоёр бага хүүхдийг нь аваад эхнэр нь уулзахаар очиход шилний цаанаас харуулаад, хоёр хүүхдийг нь үнсүүлэх ч үгүй цааш нь аваад явсан байна лээ.

Хүү рүү маань хүн амины хэргээр хоригдож байгаа н.Амгаланбаатар гэгч мессэж бичиж дарамталдаг байсан юм шиг байлээ. Тэр хүний худал гүжир гүтгэлэгийг үндэслэн хүүг минь хориод байна. Дээдэс дундаас гарсан тэр аймшигтай хэргийг малчин, ногоочин жирийн ард иргэдэд үүрүүлэх гэж байна. 

Хүү минь 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр аавтайгаа хадлангаа хийж байсан. Хүү маань хэрэг гарах үед гэртээ байсан гэдгийг би өөрөө гэрчилнэ" гэлээ.

н.Амгаланбаатар гэгч нь С-тэй хөрш зэргэлдээ амьдарч байсан бөгөөд олон жилийн өмнө С-ынх нүүж явснаас хойш холбоогүй байсан хэмээн Л.Жавзмаа гуай хэлж байлаа.

Харин Ч-н нөхөр нь н.Амгаланбаатарын холын хамаатан юм байна. Ч рүү мөн 2014 оноос дарамталсан утгатай мессэж ирж эхэлжээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Ч-ийн ах Т.Хүрэлбат "1998 онд манай дүүгийнх Дорноговь аймагт амьдарч байсан. Нөхөр нь Эрдэнэтийнх учраас 1998 оны 10-11 дүгээр сарын үед Эрдэнэт рүү шилжиж байсан юм билээ. Тухайн үед дүү маань гурван хүүхэдтэй бага хүүхэд нь хоёр настай байсан. Тийм нялх хүүхэдтэй эмэгтэй аймшигтай хүн амьны хэрэг хийнэ гэж байх уу. Хүний санаанд багтахгүй байгаа биз.

н.Амгаланбаатарын мэдээллийг үндэслэн дүүг маань баривчилсан гэх мэдээллийг бидэнд өгөөд байгаа. Бид эхэндээ дүү маань гэмт хэрэг хийгээгүй нь үнэн юм чинь суллагдчих байх гэж найдаад хүлээгээд байсан. Тагнуулын байгууллагын зүгээс биднийг хэвлэл мэдээллийнхэнд хандахыг хориглож, хэргийг нууцлаад байгаа. Гэтэл саяхнаас прокурорын байгууллага мэдээлэл хийж, С.Зориг агсны хэрэг шүүхэд шилжих гэж байгааг хэлсэн. 

Дээрх нөхцөл байдлыг хараад байхад хэргийг илрүүлэх зорилго ерөөсөө алга. С.Зоригийн хэргийг хэн нэгэнд үүрүүлэх процесс л яваад байна. Ингэхийн тулд дарамтлах арга хэрэглэж байгаа. Манай ээжийн гэрийг нэгжих гэж дөрвөн том хар машинтай 20 гаруй залуу очиж байгаа юм. Нэг хөгшний гэрийг нэгжихэд тэгж их хүч гаргаж, дарамтлах хэрэг байсан уу. Мөн дүүгийн маань том охин хөдөө явж байгаад осолд орж нас барсан. Бид энэ талаар дүүдээ хэлээгүй нуусан. Гэтэл тагнуулын байгууллагын ажилтан очоод дүүд маань хэлчихсэн байгаа юм. 

Ямар ч хамаагүй аргаар дүүг маань хямралд оруулж зохиомол хэргээ хүлээлгэхийн тулд бүхнийг хийж байна" хэмээн ярилаа.

С, Ч нарын ар гэрийнхэний зүгээс ганцхан н.Амгаланбаатар гэдэг хүний гүжир гүтгэлэгийг үндэслэн зохиомол хэрэг тулгах гэж байна гэж үзэж байгаагаа хэлж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn