Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: ЗГ эдийн засгийн ОНЦГОЙ хөтөлбөрөө маргааш УИХ-д өргөн барина

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Сэтгүүлчид түүнээс Гадаад өрийн асуудлаар Засгийн газар ямар алхам хийх гэж байгаа талаар асуухадЭдийн засгийн онцгой хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа, уржигдар Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөр хэлэлцсэн. Өнөөдөр дахиж хэлэлцээд маргааш өглөө УИХ-ын даргад өргөн барина.

Хамгийн гол тулчихаад байгаа асуудал бол энэ өрийн асуудал. 2017 оны тавдугаар сарын 30-нд бид 580 сая ам.долларын эхний төлбөрөө төлөх ёстой. Үүнд бид хоёр зарчмын байр суурь баримталж байгаа.

Нэгдүгээрт ОУВС буюу гадаадын улсын санхүүгийн байгууллагуудтай тохирч Монгол Улсын өрийг зохицуулж, эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг бол дан ганц манай Засгийн газраас шалтгаалах зүйл биш. Нөгөө талын нөхдүүд бидэнд ямар шаардлага тавих вэ гэдгээс шалтгаална. Хэлэлцээр бол эхэлсэн. Сая аравдугаар сарын 20-нд ОУВС-ийн төлөөлөгчид ирж, Сангийн яам, Монголбанкныхантай уулзаж, мэдээ баримтуудаа тулгасан.

Бусад орнуудаас хөнгөлөлттэй зээл авах уу үгүй юу гэдгийг судалж байгаа.Гэхдээ зөвхөн БНХАУ биш Япон, ОХУ гээд манайхтай түншийн харилцаатай орнуудтай энэ асуудлыг тавьж байгаа. Гэхдээ үүнийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажиллах хүрээнд шийднэ” гэв.

“Надад тийм их хэмжээний өр байхгүй”

Мөн тэрбээр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй 18 тэрбум төгрөгийн өрний асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-аас гарсантай холбогдуулж Ц.Мөнх-Оргил асар их хэмжээний өртэй гэсэн мэдээлэл цацагдсан байна. Үүн дээр тайлбар хийе.

Надад тийм их хэмжээний өр байхгүй. УИХ-д нэр дэвшихэд ч байгаагүй, УИХ-ын гишүүн болоход ч байгаагүй, Засгийн газрын гишүүнээр сонгогдоход ч байгаагүй.

Хэзээ байсан бэ гэвэл 2013 оноос 2016 оны тавдугаар сар хүртэл энэ өр байсан. Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг “Эм Си Эс Холдинг”-оос худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийн төлбөрийг бэлнээр төлөөд, 75 хувийг нь зээлээр худалдаж авсан. Тэгэхээр Ц.Мөнх-Оргил “Эм Си Эс” юм уу өөр ямар нэгэн компаниас бэлнээр, шилжүүлгээр ямар нэгэн мөнгө аваагүй. Манай гэр бүлийн хүн хувьцаа зээлээр худалдаж авсан учраас санхүүгийн тайлангийн бичилт дээр тусгасан. Үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэг дээр тайлагнасан байгаа.

Үүнээс хойш 2016 оны тавдугаар сард хувьцаа буцаан шилжүүлэх тухай гэрээ байгуулаад энэ хувьцааг нь буцааж өгсөн. Өр тэглэгдсэн байгаа. Одоо манай гэр бүлийн хүнд “Гоёо” ХХК-ийн 25 хувийг эзэмшиж байгаа” гэсэн юм.

Сэтгүүлчид түүнээс “Эм Си Эс” компанитай та ямар холбоотой вэ, таныг тус компанийн хүн гэж ярьдаг хэмээн асуухад Ц.Мөнх-Оргил “Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр олон жил бичээстэй яваа. Манай гэр бүлийн хүн “Эм Си Эс Холдинг” компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар 4 жил ажилласан. Энэ хугацаандаа “Энержи Ресурс” компанийн Хонг Конгт гарсан IPO-г зохион байгуулсан. Ингээд гэрээнийхээ дагуу “Эм Си Эс Холдинг”-ийн 3.1 хувийн хувьцаа авсан. Тийм учраас манай гэр бүлийн хүн хувьцаа эзэмшигч, би өөрөө хувьцаа эзэмшигч биш.

Би тус группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай арван жилийн найзууд. Бид 23 дугаар сургуульд хамт сурч, цэргийн алба хамт хааж, дараа нь Москвад олон улсын харилцааны дээд сургуульд хамт сурч байлаа. Гэхдээ бизнесийн харилцаа бол бизнесийнхээ харилцаагаар л явдаг” гэсэн юм.