Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дутертэг эзэн хааныхаа өмнө бохь зажлах вий хэмээн Япончууд айж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Задгай хэл ам, биеэ авч явах байдлаараа алдартай Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ өчигдөр Японд айлчлахаар иржээ.

Тэрээр Токиод гурав хонох юм.

Японы улс төрчдийн хувьд анхаарал татаж буй гол асуудал нь Филиппин-АНУ-ын харилцаа, түүнд Япон улс хэрхэн оролцох тухай. Дутертэ ч Токиод ирсэн дороо АНУ-д халгаатай мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр өчигдөр Японд амьдардаг Филиппинчүүдтэй уулзахдаа “Америкчууд үнэхээр дээрэнгүй хүмүүс” гэж ярьсан нь түүний барууныхны эсрэг хийсэн ээлжит эвгүй мэдэгдэл болжээ.

Дутертэ энэ үеэр өөрийн хар тамхичидтай хийж буй тэмцлийг зөвтгөн тайлбарласан байна. Филиппин улс 4 сая хар тамхины донтонтой, удахгүй үндэстнээрээ хар тамхинд нэвчих аюултай байгааг тэр хэлжээ.

Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида өчигдөр орой Дутертэтэй зоог барьсан бөгөөд АНУ-тай харилцах харилцаагаа яг яах төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр асууж мэдэх нь гол зорилго гэж мэдэгдэж байв.

Өнөөдөр мөн уулзахаар төлөвлөөд байгаа ерөнхий сайд Шинзо Абэгийн зорилго ч тийм байх болно гэж тэр хэлсэн байна.

“Ерөнхийлөгч Дутертэгээс өөрөөс нь санаа бодлыг нь сонсох бол бидний хувьд чухал” гэж Кишида хэлсэн юм.

Үүнээс гадна ёс төрийг эрхэмлэдэг, даруу төлөв Япончуудын хувьд эзэн хаан Акихитод бараалхах Дутертэгийн уулзалт санааг нь ихэд зовоож байна. Тэд Баасан гарагт уулзах юм.

Одоогоор Японы телевизүүд Дутертэгийн биеэ хэрхэн олны өмнө эвгүй авч явсан тохиолдлуудыг байн байн үзүүлж байна.

Зарим бичлэг дээр Дутертэ Хятадын тэргүүн Ши Жиньпинтэй уулзахдаа гараа халаасандаа хийсэн байгаа, гар барих үедээ бохь зажилж байгаа нь харагдаж байгаа юм.

Дутертэ энгийн үед цамцныхаа дээд товчийг товчилдоггүй, жинс өмсөж, оймсгүй явдаг байна. Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл амьд бурханд өргөмжилдөг байсан эзэн хааныхаа өмнө түүнийг арай ч ийм зан гаргахгүй болов уу хэмээн Япончууд найдсаар байгаа юм.

Япон улс Филиппиний ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус улсад өмнө нь амласан 10 жижиг эргүүлийн хөлгөөс гадна хоёр том эргийн хамгаалалтын хөлөг онгоц, TC-90 загварын цэргийн сургуулилалтын нисэх онгоц өгөхөөр бэлдээд байгаа нь Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг зохицуулахад зориулагдах зэвсэг, техникийн тусламж болох гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post