Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын “Харвард”-аас суралцах зүйлс олон байна

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 10 сарын 26
Монголын мэдээ
 

Дэлхий ертөнц хөгжих тусам хүн төрөлхтөн эрх мэдэл, эд баялгаас илүү эрдэм мэддэг, оюун ухаанаа хөгжүүлэхийг эрхэмлэдэг болжээ. Тэр хэрээр залуус чанартай боловсрол, сургалтын тав тухтай орчинг эрэлхийлж их, дээд сургуулиуд ч энэ тал дээр ихээхэн анхаарч байна. Манай улсад ч мөн ялгаагүй.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиар овоглосон бүтээн байгуулалтын ажил олныг гайхшируулах боллоо. Шинэ сургалтын байр, шинэ эмнэлэг, хичээлийн шинэ арга барил, шинэ сургалтын орчин гээд тус сургуульд оюутнаа дээдэлсэн их үйлс өрнөж буй нь нууц биш.

Оюутнаа дээдлэх нь арга ч үгүй биз. Учир нь эмч болох хүсэлтэй мянга мянган залуус тус сургуульд суралцахын төлөө жил бур ЭЕШ-ын оноогоороо өрсөлдөж байгаа юм чинь чанартай боловсрол, ая тухтай суралцах орчинг бүрдүүлэх нь зүйн хэрэг.

Тиймээс “Монголын мэдээ” сонин 74 жилийн түүхтэй Анагаах ухааны үндэсний их сургуулиас энэ удаагийн дугаарын сурвалжилгаа бэлтгэлээ.

74 жилийн түүхийн хуудсыг эргүүлэв 

Манай сурвалжлах хэсгийг тус сургуулийн хаалгаар ормогц л эмнэлгийн цагаан халаадтай оюутан залуус бужигнаж байлаа. Сурах чин хүсэл эрмэлзлээр жигүүрлэгдсэн оюутны өргөөнд орж ирсэн нь үүднээсээ эхлээд л мэдрэгдэж байв. Бид юун түрүүнд сургуулийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзултай уулзаж, сурвалжилга хийх тухайгаа тайлбарласан юм.

Тэрбээр бидэнд сургуулийнхаа түүхээс эхлээд одоо хийж хэрэгжүүлж буй ажил болон сургуулиа танилцуулсан юм. 2024 онд Ази, номхон далайн шилдэг 100 сургуулийн нэг болох зорилготой Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн туурь тэртээ 74 жилийн өмнө тавигджээ. 1942 онд Монгол Улсын их cypгууль дэргэд Хүн эмнэлгийн факультет нэртэйгээр байгуулагдаж.

1947 онд анхны төгсөлтөөрөө 14 их эмчийг бэлтгэн гаргасан байв. МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетын суурин дээр үндэслэн 20 гаруй тэнхим, 65 багш, 800 гаруй оюутантайгаар Улсын сургуулиас туурга тусгаарлан, 1961 онд бие даасан Анагаах ухааны дээд сургууль болжээ.

Эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тухайн цаг үеийн бодлогоор шинээр элсэгчдийг клиникийн эмнэлэгт асрагчаар, тус сургууль төгсөгчдийг туслах эмчээр буюу субординатораар нэг жил ажиллуулж, эмнэлгийн практик үйл ажиллагааны анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлж байна.

Үүний дараа БНМАУ-ын Засгийн газраас тогтоосны дагуу өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үндэсний шинжлэх ухааны чадавхыг дээшлүүлэн, улс орны ирээдүйн хөгжилд дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх явдал нэн чухал болж байгааг харгалзан их, дээд сургуулиудыг цаашид сургалт. шинжилгээний байгууллага болгох зорилгоор Анагаах ухааны дээд сургуулийг 1991 онд их сургууль, 2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болгон өргөжүүлсэн аж.

Харин 2014 онд ЭМШУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болж, олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Номхон далайн баруун эргийн бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн, нэг болох зорилго тавин ажиллаж байгаа ажээ.

Тус сургуульд одоогийн байдлаар 21 мэргэжлээр 12,000 оюутан, 713 резидент эмч, төрөлжсөн нарийн мэргэжлээр 110, сувилахуйн чиглэлээр 11, магистрант 694, докторант 161 суралцаж байна.

Мөн жилдээ төрөлжсөн нарийн мэргэжил болон мэргэжил дээшлүүлэх кредит сургалтад нийт 834 эмч хамрагдан мэргэжил мэдлэгээ дээшлүүлж, байгуулагдсан цагаасаа хойш нийт 16,771 хүний их эмчийг бэлтгэн гаргажээ. Ийнхүү Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль гэх том айлын түүхтэй танилцсаны дараа Н.Сүмбэрзул тэргүүн дэд захирал сургуулийнхаа орчинг бидэнд танилцуулсан.

Сургалтын орчин мэргэжилдээ дуртай болоход нөлөөлсөн гэв

 

Бидний очсон эхний газар бол тус сургуулийн брэнд болсон оюутны эко цогцолбор. Хуучин машины гарааш байсан хэсэгхэн газрыг ашиглан оюутан чөлөөт цагаа  өнгөрүүлэхэд тохиромжтой эко цогцолбор болгон засварласан нь энэ аж. “Би ээжийнхээ зөвлөснөөр эмч болсон” хэмээн ярих хүүг Х.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд тус сургуулийн Хүний их эмчийн IV дүгээр курсийн оюутан.

Хэн нэгний хүсэлтээр өөрийн ирээдүйн мэргэжлээ сонгосон ч одоо эзэмшиж буй мэргэжилдээ дуртай болсон гэнэ. Харин түүний санаа ийнхүү өөрчлөгдөхөд сургуулийнх нь багш нарын заах арга барил, сургалтын орчин маш их нөлөөлсөн аж. Тэрбээр “Миний мэргэжлээ сонгосон түүх хүн бүрийнх шиг сайхан биш. Ихэнх хүүхдүүд өөрийнхөө сонгосон мэргэжлээр суралцдаг.

Харин би ээжийнхээ зөвлөснөөр эмчийн мэргэжлийг эзэмшиж байна. Гэхдээ одоо өөрийнхөө хүссэнээр суралцаж байна гэж хэлж болно. Учир нь манай сургуулийн орчин, багш нарын маань заах арга барил мэргэжлийн минь үнэ цэнийг надад ойлгуулсан. Тиймээс би мэргэжилдээ их хайртай болсон” гэв.

Х.Мөнх-Эрдэнэ бол миний уулзсан анхны оюутан. Түүнийг оюутны эко цогцолбортоо байх үед нь ярилцсан минь энэ. Тэрбээр өглөөний 7:40 цагаас оройн 17:00 цаг хүртэл сургууль дээрээ өнждөг бөгөөд ихэнх цагаа сургуулийнхаа номын санд өнгөрүүлэх дуртай хэмээн ярив. Анх 2015 оны есдүгээр сарын 25-нд оюутан залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хичээл номоо давтах, амрах ая тухтай орчинг бүрдүүлэх зорилготойгоор нээгдэж байсан цогцолбор аль хэдийн зорилгодоо хүрчээ.

Эко цогцолборын дээврийг шилээр хийсэн нь нарны гэрэл шууд  тусах нөхцөлийг бүрдүүлсэн аж. Харин цогцолборын голд усан оргилуур, хананы хоёр талаар кофе шоп, номын дэлгүүр гэх мэтчилэн оюутны амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан олон зүйлийг байгуулжээ.

Нийт 1,350 ам.метр талбай бүхий эко цогцолборт оюутны амьдрал буцалдаг гэхэд болно. Энд оюутан бүр хичээлийнхээ чөлөөт цагаар ирж, халуун кофе, цай, хөнгөн зууш идэнгээ найзуудтайгаа уулзаж хичээлийнхээ талаарх сонирхолтой яриаг өрнүүлдэг. Тэр бүү хэл өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдсэн клубийн залуус ч энд уулздаг байна.

Тус сургуульд нийт 60 клуб байдгаас 40 гаруй нь байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн эко цогцолборын хоёр давхрын зүүн хэсэгт сургуулийнхаа музейг байгуулжээ.

Музейд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн түүхийн дурсгалт зүйлс, үе үеийн төгсөгчид, эрдэмтэн, багш нар, баярын бичиг, диплом, бичгийн машин болон одоогоос 20-50 жилийн өмнө сургалтад ашиглаж байсан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг байрлуулжээ.

Харин музейн эсрэг талын хэсэгт оюутнууд хичээлээ хийх аж. Энэ хэсэгт оюутнууд даалгавраа хийхээс гадна бие даан нэмэлт зүйлсийг судлах боломжтой гэнэ.

Эко цогцолборын хоёрдугаар давхар чимээ багатай учраас хичээлээ хийхэд илүү тохиромжтой гэдгийг ч оюутнууд онцолж байлаа. Энд бид Б.Сэлэнгэтэй хэсэг ярилцсан. Тэрбээр “Би сургуулиараа их бахархдаг. Бидний сурах орчинг маш сайхан бүрдүүлсэн.

Ялангуяа Г.Батбаатар захирлын үеэс сургуульд маш их бүтээн байгуулалтын ажил явагдсан. Эко цогцолбор, номын сан гээд дурдах зүйл олон бий. Би эко цогцолборын хоёрдугаар давхарт хичээлээ хийх их дуртай. Энд чимээ багатай байдаг. Ер нь хичээлээ хийе гэвэл хоёрдугаар давхарт, амаръя гэвэл нэгдүгээр давхарт очдог” гэв.Тус сургуулийн эко цогцолбороор ороход гадаадын их, дээд сургуульд очсон юм шиг л сэтгэгдэл төрж байлаа.

Оюутнууд нь нөүтбүүк, ном дэвтрээ дэлгээд хүссэн газраа чөлөөтэй суугаад бие даан хичээлээ давтаж буй дүр төрх гадаадын олон кинон дээр гардаг. Яг л тийм орчинд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд суралцах аж. Ийм орчинд суралцаж байгаа оюутнууд сургуульдаа хайртай, дуртай байхгүй гээд ч яах юм билээ.

Хичээллэх танхим, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гээд бүх л зүйлийг сургууль дотроо бүрдүүлж чадсан оюутнуудын талархлыг ихэд хүлээжээ. Энэхүү цогцолбор байгуулагдсанаар оюутнуудын бие даан хичээллэх чадвар 70 хувиар нэмэгдсэн байна.

Олон улсын стандартад нийцсэн номын санг байгуулжээ

Бидний сонирхсон дараагийн газар бол тус сургуулийн номын сан. Орчин үеийн жишигт нийцэхүйц долоон давхар номын санг мөн л суралцагчдадаа зориулан байгуулжээ. Тус номын сангийн нэгдүгээр давхарт ховор номын танхим, хоёрдугаар давхарт уншлагын танхим, гуравдугаар давхарт төгсөгчдийн десертаци, судалгааны бүтээлийн танхим байрладаг.

Тодруулбал, танхим бүрийг чөлөөт уншлага, тогтмол хэвлэл, интернет номын сан, гадаад уншлага, эрдэм шинжилгээний номын хэмээн ангилжээ. Номын сангийн орчин маш цэвэрхэн байх бөгөөд гадуур хувцастайгаа орж болохгүй гэх дүрэм үйлчилнэ. Тиймээс оюутнууд номын сангийн гадна талд байрлах хувцасны шүүгээнд хувцсаа хийж ордог байна.

Оюутны хувцсаа хийх хэсэг давхар бүрд байгаа гэдгийг Н.Сүмбэрзул дэд захирал онцолсон. Тус номын сан нь 120 мянга орчим ном, 850 гаруй суудал бүхий зургаан уншлагын танхимтай. Мөн эрдэм шинжилгээний танхимыг анагаахын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд болон мастер, доктороор суралцагчдад зориулсан байна.

Харин 4-7 дугаар давхарт оюутнуудад зориулсан ур чадварын өрөөнүүд байрлана. Тухайлбал, уламжлалт анагаах ухаан, эх барих, чих хамар хоолойн гэх мэтчилэн мэргэшсэн кабинетад оюутнууд дадлагаждаг байна. Тус өрөөнүүдийг тухайн мэргэжилд холбогдолтой зориулалтын багаж хэрэгслээр бүрэн хангасан гэнэ.

Чих хамар хоолойн ур чадварын өрөөнд гэхэд чихний бүтцийг нарийн харуулсан үзүүлэн, дуран, гэх мэтчилэн хичээлд ашиглахад зориулсан багаж, төхөөрөмжийг байрлуулжээ. Мөн түргэн тусламжийн ур чадварын өрөөнд манекен байх бөгөөд багш хичээл орохдоо компьютерийн тусламжтайгаар өвчтөний түүхийг өгдөг гэнэ.

Жишээлбэл, тухайн өвчтөний даралт, цус алдалт, биеийн байдал гэх мэтчилэн өвчний түүхийг зохионо. Харин суралцагч өвчтөнд шаардлагатай арга хэмжээг авдаг аж.

Хэрэв зөв арга хэмжээ авсан бол өвчтөн зүгээр болж буй мэдээлэл компьютерийн дэлгэц дээр гарч ирдэг гэнэ. Энэ мэтчилэн сургалтын амьд орчинг бүрдүүлж, хичээлийг сонирхолтой явуулах бүрэн боломжийг тус сургуулийн захиргаанаас хангаж чаджээ. 

Багш нараа дэмжиж, гарааны компани байгуулав

Хий хоосон том зүйлийг ярих хүн өнөө үед олширсон. Тэгвэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олон тавьсан зорилгодоо хэрхэн хүрдгийг яруу тодоор харуулж байна гэхэд хилсдэхгүй биз. Үнэхээр хийж бүтээсэн ажил нь бидний нүдэн дээр ил байв.

Тус сургуулиар зочилсон хэн бүхэн суралцах орчинг өөрчилж болдог юм байна гэсэн санаашралтай басхүү уулга алдахгүйгээр гарахгүй болжээ. Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй эмч, сувилагч нарын 90 гаруй хувийг бэлтгэдэг уг сургууль сурах орчноо сайжруулах, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, багш нараа хөгжүүлэх гэсэн гурван зүйлд анхаарал хандуулан ажилладаг байна.

Мөн дэлхийн топ 500 их сургуульд докторын зэрэг хамгаалсан 70 багш ажилладаг бөгөөд нийт 1000 гаруй ажиллагсадтай өнөр өтгөн айл аж. Түүнчлэн багш нараа хөгжүүлэхийн тулд судалгаа, шинжилгээний ажлыг нь дэмжин 2015 оноос эхлэн гранд зарлажээ. Ингэснээр тус сургуулийн багш нар гарааны компани байгуулж, олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж эхэлсэн байна.

Өнгөрсөн жил багш нарын судалгаа, шинжилгээний ажилд 500 сая төгрөг төлөвлөсөн бол энэ хичээлийн жилд тэрбум төгрөгийн үнэлэмжтэй грандыг зарлажээ. Тус сургуулийн гарааны компаниудаас хамгийн амжилттай яваа нь “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төв, хелико бактерийн оношлуур үйлдвэрлэдэг компани гэнэ. Энэ мэтчилэн багш нараа хөгжүүлсэн олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Анагаахын шинжлэх ухааны сургуулийн хэрэгжүүлсэн, бүтээн байгуулсан ажлын нэгээхэн хэсэгтэй танилцахад ийм байна. Үүнээс гадна тус сургуулийн нэрээр овоглосон ажлууд олон. Тухайлбал, “Эрхэс” эмнэлэг, олон улсын Сайбер их сургууль, оюутанд зориулсан тэтгэлэг гээд дурдаад байвал олон зүйл бий.

Сургалтын тав тухтай орчин, чанартай боловсрол, багш, сурагчдын нийгмийн асуудлыг тэргүүнд тавин ажиллаж буй тус сургуулийн хийж хэрэгжүүлж буй ажлаас бусад сургуулиуд ч үлгэр жишээ авахаар зүйл олон аж. Ямартай ч тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байхад гадаадын их, дээд сургуулиудтай өрсөлдөхүйц хэмжээний сургууль манай улсад бий болж байгаа нь мэдрэгдэж байлаа.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Монголын Харвард гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй биз. Манай улсад энэ хэмжээний сургалттай, оюутан сурагчдынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулж, сурах орчинг нь сайжруулах гэж хичээдэг сургууль ховор. Ялангуяа улсын сургуулиудын дунд.

Өөрсдийн нөөц боломжоор санхүүжилт бий болгохын оронд улсаас жил бүр олгодог төсвөөр ойр зуурхан засвар хийгээд хичээлийн шинэ жилтэй золгодог нь хэн бүхний нүдэнд илхэн.

Гарааны компани байгуулж, түүнийхээ орлогоос тодорхой хувийг сургуульдаа зарцуулдаг тус сургуулийн хөгжлийн боддогоос суралцах зүйл их аж. Тиймээс ч Монголын Харвардад суралцаж байгаа оюутан залуус сурч боловсрох өрнүүн хүсэлд автахгүй байх ч арга үгүй биз.

Зураг