Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирь хэрхэн Оросын нэг хэсэг болсон тухай түүх

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Russia Beyond The Headlines онлайн сэтгүүлд Олег Скрипникийн бичсэн түүхийг орчуулан хүргэж байна. Уг өгүүлэл өчигдөр буюу Даваа гарагт тус сайтад нийтлэгдсэн юм.


 

Сибирь нутаг маш хурдтайгаар Оросын нэг хэсэг болсон юм. 1585 онд Оросын анхны экспедиц Евразийг хөндлөн туулахаар Уралын нурууг давж байсан бол үүнээс 54 жилийн дараа Оросууд Номхон далайн эрэгт хүрсэн байв.

 

Сибирь дэх Оросуудын түүх

Оросын анхны экспедиц Уралыг давахаас хамаагүй өмнө Орос хүмүүс Сибирийн уугуул иргэдтэй харилцаж байжээ. Хойд Оросын хамгийн эртний түүхийн бичээс болох 14 дүгээр зууны Лаврентийн гар бичмэлд өгүүлснээр Новгородын Гурат Рогович 11 дүгээр зуунд “Угра нутагт” аялж байжээ. Энэ нь Уралыг хэлсэн бололтой.

1483 онд Москвагийн цэргүүд Уралд довтолж, 1555 онд олон угсаатнуудаас бүрдсэн Сибирийн хаант улсыг өөрийн хараат улс болгосон юм.

Гэвч 1563 онд шинэ удирдагч Күчүм дахин тусгаар тогтнолоо олж авсан байна.

Үүний дараа козак Ермакаар удирдуулсан Оросын анхны колоничлох экспедиц 1581 онд Күчүмтай дахин тулгарав. Тэр үед Күчүм хил залгаа Оросын нутагт довтолж эхэлсэн байжээ. Анх 540 козак цэрэгтэй гарсан Ермак зам зуур хүн хүчээ нэмж, тааралдсан овог аймгуудтай тулалдсаар Сибирийн гүн рүү орсон юм.

1585 онд Күчүмийн цэргүүд Ермакийн сууринд довтолж козакуудын ахлагчийг олон хүний хамт хороожээ. Гэхдээ энэ нь Сибирийн колоничлолыг зогсоохоос нэгэнт өнгөрсөн байв.

Оросын шинэ экспедиц Сибирьт хэрэм хашаатай суурингууд байгуулж эхэлсэн нь одоогийн хотуудын эхлэл болжээ. 1586 онд Тюмен хот (өнөөдөр 720,000 хүн амтай) байгуулагдсан, 1604 онд Томск хот (өнөөдөр 570,000 хүн амтай) байгуулагдаж, 1628 онд Красноярск хот байгуулагдсан нь өнөөдөр нэг сая гаруй хүн амтай болсон байна.

 

Колони байгаагүй

Британий мэдэлд байсан Хойд Америк шиг Сибирь нь колони байсангүй. Энэ нутаг зүгээр л өргөжин тэлж байсан Оросын эзэнт гүрний нэг хэсэг болж байлаа.

Нутгийн язгууртнууд Оросын засаг захиргааны системд нэгдэж байв. Жишээ нь Күчүмийн хүү эцэстээ энхийн гэрээ байгуулж, түүний ач нь Оросын хараат Татар улс болох Касимын хаант улсын тэргүүн болсон юм.

Судлаачдын тооцоогоор Оросуудыг ирэхээс өмнө 240-300 мянган уугуул иргэд Сибирийн 13 сая киломтер квадрат газар нутагт амьдарч байжээ.

Сибирийн овог аймгууд хоорондоо үргэлж дайсагналцдаг байсан тул тэдний ихэнх нь энх амгалан байдлыг хүсэн Орост дагаар орсон юм.

Гэсэн хэдий ч козакууд зүүн тийш аялах тусам илүү ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Оросууд хүрсэн газар нутагтаа хэрэм хашаа барин суурьшиж байсан бол нутгийн овогууд түүн рүү нь довтолж шатаадаг байв. Козакууд хариу довтолсноор цус урсах явдал тасрахгүй байжээ. Якутын ард түмний дунд яригддаг домогт Оросуудыг “дайнч, алуурчин хүмүүс” гэж дүрсэлсэн байдаг тухай үлгэр, домог судлаач Георгий Эргис ярьсан байдаг.

 

Сүүлчийн тэмцэл

Оросуудад хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн хүмүүс бол Чукча нар байжээ.

Тэд Козакуудтай ширүүн тулалдаж, заримдаа ялдаг байв. Гэхдээ Чукча болон Козакуудын хоорондын тулаан тийм ч том байгаагүй. Тухайлбал Орлова голын дэргэд болсон тулаанд Оросууд хамгийн их хохирол амссан нь 51 хүнээ алдсан байжээ. Ингээд 1742 онд Оросын эзэн хаан зарлиг гаргаж Чукча нарыг бүр мөсөн номхотгох даалгавар өгснөөр тэднийг гартаа оруулсан байна.

Дэлхийн аль ч бүс нутгийн уугуул иргэдтэй адил Сибирьчүүд Оросын аялагч нарын авчирсан халдварт өвчинд нэрвэгджээ. “Шинэ өвчин уугуул хүн амыг доройтуулж, тэмцэх чадваргүй болгосон” хэмээн түүхч Жон Ричардс бичсэн байдаг. Уг өвчнөөр Тунгус хүмүүсийн 80 хувь, Юкагир хүмүүсийн 44 хувь амиа алдсан гэж тэр өгүүлжээ.

Гэхдээ Оросын тэлэлт нь геноцид, боочлолын аль нь ч биш байсан бөгөөд Сибирийн уугуул иргэдэд өөрийн захиргааг тулган хүлээлгэж, Оросын эзэнт гүрний газар нутгийг тэлэх зорилготой байв.

Хэрвээ дипломат хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол Оросууд зэвсэг хэрэглэж байсан гэдэг. Өнөөдөр Сибирийн хүн амын 10 хувь орчим нь уугуул иргэд байна. Тухайлбал Саха-Якутын бүгд найрамдах улсын уугуул Якут хүн амын тоо Орос иргэдийн тооноос илүү байгаа юм.