Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Урьдчилсан байдлаар орон нутагт МАН олонх болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 23-ны өдөр болсон сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтын талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ. 

Энэ удаагийн сонгуулийг сум, дүүргийн 339 сонгуулийн хороо зохион байгуулж явуулжээ. Орон нутгийн сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл оролцсон байна. 

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “23-ны өдөр 293 хэсэг дээр нэмэлт санал хураалт явагдлаа. Аймаг, дүүргүүдээс сонгуулийн дүнгээ СЕХ-нд мэдээлж байна.  Энэ дүнг урьдчилсан байдлаар гаргасан гэдгийг сануулж хэлье” гээд орон нутгийн сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцууллаа. 

Ирцийн тухайд аймгууд 62.3 хувь, нийслэл 56.3 хувь, нийт улс даяар 60.1 хувийн ирцтэй байжээ

Орон нутагт намуудын авсан суудлыг ангилбал: 

  • Архангай аймаг 19 сумтайгаас 12 суманд МАН, 7 суманд АН ялалт байгуулжээ, 
  • 13 сумтай Баян-Өлгий аймагт МАН олонх болсон, 
  • Баянхонгор аймаг 20 сумтайгаас 14-т нь МАН, 6 суманд АН, 
  • Булган аймаг 16 сумтайгаас 11-д нь МАН, 3-т нь АН,  2-т нь дахин сонгууль явуулна, 
  • Говь-Алтай аймаг 18 сумтайгаас 13-т нь МАН, 2-т нь АН, 3 суманд дахин сонгууль явуулна, 
  • Говьсүмбэр аймаг 3 сумтайгаас 2-т нь МАН, 1-д нь АН, 
  • Дорноговь аймгийн 14 сумын 11-нд нь МАН, 3-т нь АН, 
  • Дорнод аймгийн 14 сумын 8-д нь МАН, 2-т нь АН, 4 суманд дахин сонгууль, 
  • Дундговь аймгийн 15 сумын 9-д нь МАН, 5-д нь АН, 1 сумын 15 суудлын есөд нь бие даагчид, 
  • Завхан аймгийн 24 сумын 1-д нь МАН, 20-д нь АН, 3 суманд нь дахин сонгууль, 
  • Өвөрхангай аймгийн 19 сумын 14-нь МАН, 5 суманд АН
  • Өмнөговь аймгийн 15 сумын 12-т нь МАН, 3 суманд АН, 
  • Сүхбаатар аймгийн 13 сумын 5 суманд МАН, 8-д нь АН, 
  • Сэлэнгэ аймгийн 17 сумын 9-д нь МАН, 6-д нь АН, 2 суманд дахин сонгууль, 
  • Төв аймгийн 27 сумын 15-д нь МАН, 11-д нь АН, МАХН-ын “Төв нутаг “ эвсэл, 1 нь дахин санал хураалт явуулахаар болжээ. 
  • Увс аймаг 19 сумтайгаас 18-д нь МАН, 1-д нь АН,
  • Ховд аймаг 17 сумтайгаас 13-т нь МАН, 3-т нь АН,  нэг нь дахин сонгууль
  • Хөвсгөл аймаг 23 сумтайгаас 17 нь МАН, 6 нь АН, 
  • Хэнтий 18 сумтайгаас 12 нь МАН, 6 нь АН
  • Дархан-Уул 4 сумтайгаас 4-үүлээ МАН, 
  • Орхон аймгийн 2 сумын 2-ууланд нь МАН тус тус ялалт байгуулсан байна. 

Энэ сарын 29-ний өдөр болох дахин санал хураалтын талаар мөн мэдээлэв. 

Сум, дүүргийн сонгуулийн санал хураах явцад нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулж байгаа аж.

Дахин санал хураалтыг нийслэлд явуулахгүй бөгөөд 19 аймгийн 58 хэсэг дээр болох юм байна.