Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Исландын Далайн дээрэмчдийн нам засгийн эрхэнд гарах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

323,000 хүн амтай, бяцхан Исланд улсын улс төрийн амьдрал тун сонирхолтой үйл явдал өрнөж байна.

Улс төрд шинэ үзэгдэл болсон Далайн дээрэмчдийн нам (Pirate Party) ирэх сонгуулиар эрх баригч болох нь тодорхой болжээ. Ядаж л Исландын дараагийн засгийн газарт өөр нэг намтай эвсэл болж эрх барихаар болж байна.

Аравдугаар сарын 14-19-ний хооронд авсан санал асуулгаар Далайн дээрэмчдийн нам 22.6 хувийн үзүүлэлттэйгээр улс төрийн хүчнүүдийг тэргүүлжээ. Уг судалгааг Исландын Их сургуулийн Нийгмийн ухааны хүрээлэн зохион байгуулсан юм.

Дэд байранд ялимгүй бага хувиар одоогийн эрх баригч Тусгаар Тогтнолын нам орсон байна. Panama Papers буюу Панамын офшор данстай холбоотой мэдээлэл задарснаас хойш Далайн дээрэмчдийн нам тус улсад хүчээ авч эхэлжээ.

Энэ мэдээлэл задарсны дараа Исландын олон тооны улс төрчид авлига, татвараас зайлсхийх хэрэгт хутгалдсан нь тэдний гарч ирэх шалтаг болсон юм.

Далайн дээрэмчдийн нам бол улс төрийн амьдралд цоо шинэ үзэгдэл. Одоогоос 10 жилийн өмнө анх Шведэд Рик Фалквинг ийм улс төрийн хөдөлгөөн өрнүүлж байсан юм. Үүнээс хойш Британи, Герман, Австрали, Канад, Нидерланд, АНУ зэрэг олон улсад энэхүү үзэл баримтлал тархаж намууд байгуулагдах болжээ.

Ийм улс төрийн хүчний гол бодлого нь зохиогчийн эрхийн болон патентын хуульд шинэчлэл хийх, мэдээлэл мэдлэгийг аль болох нээлттэй хуваалцдаг байх, засгийн газрыг ил тод болгох, шууд ардчиллыг дэмжих юм.

Хэрвээ Исландад Далайн дээрэмчний нам ялалт байгуулбал ийм төрлийн улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан анхны тохиолдол болно.

 

Эх сурвалж: TheNextWeb