Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сарантуяа: Тайзан дээр удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг маш хэцүү

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяагийн урлагт хөл тавьсны 30 жилийн ойд зориулсан "30 жил урлагт" тоглолт аравдугаар сарын 29-н буюу энэ Бямба гарагт болох гэж байна.

Тус тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр Соёлын Төв Өргөөнд болж, хуралд МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн "On and off" продакшны захирал С.Ононбат, "Монцамэ" агентлагийн дарга, сэтгүүлч Б.Ганчимэг нар оролцлоо. Эдгээр эрхмүүд нь поп хатагтайтай олон уран бүтээл дээр нь хамтарч ажилласан, хамгийн олон удаа ярилцсан гэх тодотголтой хүмүүс юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

МУГЖ,Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа "Өнөөдөр та бүхэнтэй уулзаж урлагийн салбарт 30 жилийг туулахдаа хэнтэй хамт байснаа ярих гэсэн юм. Тиймээс би бага ярьж, найзууд маань их ярих болно.

Миний бие урлагт зүтгэсний 10 жилийн ойгоо 1996 онд тэмдэглэж байсан. 20 жилийн ойгоор охиноо төрүүлээд нялх биетэй байсан учраас 20 жил болсныг ч мэдэлгүй өнгөрүүлсэн байсан. Харин 30 жилийн ойдоо өнгөрсөн оноос хойш бэлтгэж байгаад тоглолтоо хийх гэж байна. Ингээд эргээд харахад нэг мэдэхэд 30 жил өнгөрчихсөн байлаа. Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа. Яагаад вэ гэхээр тайзан дээр удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг маш хэцүү. Миний хувьд хүмүүс надаас байнга шинийг хүсч хүлээж байдаг хүсэмжит дуучин байхыг хүссэн. 

Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа.

Эргээд харахад 30 жилд 21 цомог гаргасан байна. Дайнд гавьяа байгуулаад ирсэн цэрэг одон медалиудаа энгэртээ шажигнуулдаг бол би цомгуудаа шажигнуулж, өөрөөрөө бахархмаар байна. Дээрээ даргагүй хэрнээ 30 жил өөрөө өөртөө дарга хийж, өөрийгөө цалинжуулж, өөртөө оффис олоод, бие дааж төлөвлөөд ажиллаж иржээ. Цомгоо гаргахын төлөө өр ширэнд ч орж байлаа, үнэтэй тансаг зүйлсээс ч татгалзаж л явсан. Үүний үр дүнд чанартай уран бүтээлийг ард түмэндээ хүргэж ирсэн" хэмээн ярилаа. 

Хурлын үеэр поп хатагтай саяхан төрийн албанд /Соёлын Төв Өргөөний дэд даргаар/ томилогдсоноо хэлсэн юм. Урлагийн салбарт 30 жил ажилласан тэрбээр залуу үеийн урлагийнхны зовлонг хамгийн их мэддэг. Тэдэнд тохиолддог хүндрэл бэрхшээл бүрийг туулж ирсэн учраас төрийн албанд ажиллах саналыг хүлээн авснаа хэлсэн юм. 

"30 жил урлагт" тоглолт The corporate hotel & Convention concert hall-д энэ Бямба гарагт 17:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.

 

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирчээ. Тэрбээр,

  • Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон.
  • Монголд хамгийн анхны цомог гаргасан.
  • Эмэгтэйчүүдийн анхны шоуг 1994 оны III сарын 8-нд зохион байгуулсан. Энэхүү тоглолтын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав найруулж байжээ.
  • Эх орноо таван удаа тойрч, бие даасан тоглолт зохион байгуулсан.
  • Эх орноо, Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийсэн.
  • “Зүүдний говь” анхны цомог гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан.
  • Монголоос анх удаа Сингапурт хоолойны бичлэгт орж, CD-гээ бичүүлсэн дуучин
  • 1993-онд Казахстанд зохиогдсон дэлхийн 22 орны дуучин оролцсон “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртсэн нь монголчуудыг бахдуулсан үйл явдал болж байв.
  • Мөн Пентатоник Академиийг санаачлан, Монголын рок попын хөгжмийн дээд шагнал олгох Пентатоник наадмыг зохион байгуулсан.

МУГЖ Б.Сарантуяагийн 30 жилийн хугацаанд гаргасан цомгууд:

  1. 1993 он “Зүүдний говь”
  2. 1994 он “Сараа ба Оюунаа”
  3. 1995 он “Инээмтгий хүн”
  4. 1996 он “Аргагүй амраг”
  5. 1996 он “Best of Saraa”
  6. 1998он “ Эгэл сэтгэл ”
  7. 1999 он “Тэгвэл хоёулаа” хүүхдийн дууны хуурцаг
  8. 2000 он “Хайрын зөрлөг”
  9. 2002 он “Мартья ремикс”
  10. 2003 он “Би жаргалтай”
  11. 2005 он “Цагаан шөнө”
  12. 2007 он “Өнөөдөр ирсэн дурлал”
  13. 2009 он “Төрсөн өдрийн аялгуу”
  14. 2009 он “ Сэтгэлийн есөн цацал”
  15. 2011 он “Аргагүй Монгол аялгуу”
  16. 2012 он “ Сэтгэлийн есөн цацал” double dvd ,cd
  17. 2012 он “Хайрын бэлэг ”
  18. 2013 он “Best of Saraa” double dvd, cd
  19. 2015 oh “Шинэ жилийн бэлэг”
  20. 2015 он “Сэхүүн салхи”
  21. 2016 он “Аргагүй Монгол аялгуу2”

Тоглолтууд:

  1. 1994 он “Сэтгэлийн хөг” ( 2 удаа тоглогдсон ) - Монгол Улсын Цирк
  2. 1995 он” Инээмтгий хүн” ( 2удаа тоглогдсон ) - Дуурь Бүжгийн Эрдмийн театр
  3. 1995 он “Return to desert" цомгийн нээлт (1удаа )
  4. 1996 он “Аргагүй амраг” Цомгийн баяр (2удаа тоглогдсон )
  5. 1996 он “ Хайрын бурхан” (10 жилийн ой )
  6. 1996-1997 “Хайрын бурхан” Аялан тоглолт
  7. 1997 он “Миний дуу” (2удаа тоглогдсон ) - Монгол Улсын Цирк
  8. 1999 он “Шүүдрийн ганцхан дусал” (2удаа тоглогдсон)
  9. 1999 он “Учралын блюз" - Соёлын Төв Өргөө
  10. Төрсөн өдрийн тоглолт 2000.2001.2004,2006,2009,2013,2015,2016
  11. 2000-2001 он “Хайрын зөрлөг”
  12. 2001 он “Мартья ремикс” (2 удаа )
  13. 2003 он “Би жаргалтай” (2удаа)
  14. 2004 он “Best of Saraa” (2 удаа) УлаанБаатар Палас
  15. 2007—2008 он “Хайралмаар” Аялан тоглолт
  16. 2008 он “Хайралмаар” (2 удаа ) - Монгол Улсын Цирк
  17. 2009 он “Төрсөн өдрийн аялгуу”
  18. 2009 он “Милая Мама” - РЦНК
  19. 2013 он “Хайрын бурхан аялан тоглолт”
  20. 2014 он “Аргагүй амраг. Инээмтгий хүн, Эгэл сэтгэл” - Эргэн дурсахуй
  21. 2015 он “Сэхүүн салхи” - Монгол Бөхийн Өргөө
  22. 2016 он “Төрсөн өдрийн анплагед тоглолт” - Соёлын Төв Өргөө Аялан тоглолтууд