Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосчууд iPhone 7-д “алалцаж” байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Apple компанийн iPhone 7, 7 Plus гар утаснууд Өмнөд Солонгосын зах зээлд анх удаа худалдаанд гарчээ.

Сонирхолтой нь шинэ iPhone-ий эрэлт энд маш өндөр байж дэлгүүрүүдийн гадна урт дараалал үүсч байсан ба хамгийн том дэлгүүрийн хаалга нээгдэх үед 200 хүний дараалал үүссэн байв.

Сөүлийн төвд орших Гванхвамун дэлгүүрийн гадаа 25 настай Юү Бюн-мүүн гэгч залуу дөрөв хоногийн турш майхантай дугаарлан байж тус улсын хамгийн анхны iPhone 7 хэрэглэгч болсон байна.

Нээлтийн өдрөө 10,000 ширхэг гар утас зарагдах нь амжилттайд тооцогддог Өмнөд Солонгост iPhone 7 болон iPhone 7 Plus утаснууд эхний өдрөө 300,000 ширхэг зарагдсан тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ.

 

Урьдчилсан захиалга ч дээд амжилт тогтоосон байна. Гол гурван үүрэн холбооны компанийн урьдчилсан захиалга iPhone 6-ийн үзүүлэлтийг хоёр нугалж, 15 минутанд 50,000 захиалга авчээ.

iPhone 6 нь Өмнөд Солонгост зарагдсан гадаад үйлдвэрлэгчийн гар утаснуудын дээд амжилтыг эвдэж, зах зээлийн 33 хувийг эзэлж байжээ.

Тэгвэл Galaxy Note 7-гийн борлуулалт нуран унасан Өмнөд Солонгост iPhone 7-ийн амжилт үүнээс ч илүү байх хандлагатай байна.

Ялангуяа шинэ үеийнхэн iPhone-ийг илүүд үзэх болсон тул Apple компани анх удаагаа өөрийн албан ёсны дэлгүүрийг ирэх жил Сөүл хотод нээхээр болжээ.

Гэвч Самсунгийн гар утсанд үнэнч хэсэг нь тус улсын ахмад үеийнхэн байгааг судалгаа харуулж байна. Тухайлбал 50-аад насныхны ухаалаг гар утас хэрэглэгчдийн 60 орчим хувь нь Galaxy брэндийг хэрэглэхийг илүүд үзэж байгаа нь харагджээ.

 

Эх сурвалж: Forbes