Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооны үнэмлэх ХҮРГЭЛТТЭЙ боллоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн Шийдвэр Ерөнхий Газар болон Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр Засгийн газрын 100 хоногтой холбоотой үйл ажиллагааны тайланг танилцууллаа. 

Хэвлэлийн бага хуралд ШШГЕГ-ын дэд дарга хурандаа Г.Туулхүү, ЦЕГ-ын дэд дарга хурандаа М.Лувсандорж нар оролцсон юм. 

Г.Туулхүү “Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ШШГЕГ-аас нэлээн хэдэн ажил хийлээ. Үүнээс дурдахад Засгийн газрын нэг цонхны үйлчилгээний зарим албаны тухай 153 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын хүрээнд албан хаагчдын ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор Баянхонгор, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх шийдвэр гүйцэтгэлийн байгууллагуудын нэг цонхны үйлчилгээний төвийг нээж ашиглалтад оруулсан.

Энэ хугацаанд хөдөө орон нутагт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор амины орон сууцны хороолол бий болгохоор зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зургаан айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад орууллаа. Нэг айлын орон сууцны барилга ойролцоогоор 35 сая төгрөгийн өртөгтэй. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн бид энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, хуулийг боловсруулах ажилд хамтран ажиллаж байна. Уг хуулийг аравдугаар сарын 25-нд УИХ-д өргөн барина. 

Бид энэ хугацаанд ял эдэлж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах зорилгын хүрээнд олон ажил хийж байна. Тухайлбал Орхон аймагт бээлийний үйлдвэр ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр нь цагт 40 хос бээлийг үйлдвэрлэл хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 5,000 хос бээлий үйлдвэрлээд явж байна. 
Мөн Өмнөговь аймагт жилд 3,000-3,500 ширэг модон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай “Модон эдлэл, тавилгын үйлдвэр”-ийг Өмнөгоюв аймагт бүрэн ашиглалтад оруулсан. 

Энэ жил хорих ангиудад хэрэглэгдэх хүнсний ногооны хураалт 98 хувьтай байна. Бид нийт 173.7 га-д төмс, хүнсний ногоо тариалж, 906.8 тонн төмс, 263 тонн лууван, 179.8 тонн манжин, 42 тонн байцаа, 7 тонн нарийн ногоо, 644 тонн хадлан бэлтгэсэн байна” хэмээв. 
Харин цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт цагдаагийн байгууллагаас дараах онцлох ажлуудыг хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
Цагдаагийн бичил хэсгийн барилгуудыг бүрэн ашиглалтад оруулжээ

2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 12 аймгийн 21 сумын цагдаагийн бичил хэсгийн байр /кобан/-ны гүйцэтгэлийг 100 хоногийн хугацаанд эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах зорилго тавин ажилласнаар 19 цагдаагийн бичил хэсгийн барилгыг бүрэн ашиглалтад оруулж хүлээн авчээ.

Мөн Булган аймгийн Бугатсумын цагдаагийн бичил хэсгийн барилгын гүйцэтгэл Эбхувьтай, Ханги мандал боомтын цагдаагийн кобаны барилгын ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна. Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 325 суманд цагдаагийн бичил хэсгийн байр баригдаж бүх сумдын алба хаагчид ажиллаж амьдрах боломжоор хангагдаж байгаагаараа онцлогтой. Одоогийн байдлаар 99.3 хувь буюу 323 суманд цагдаагийн байр кобантай болоод байгаа юм.

Том оврын автобуснаас 1,978 зөрчил илрүүлжээ

Автомашины утааны яндан, тээврийн хэрэгслийн шилний гэрэл нэвтрүүлэхчадвар бусад бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор "Техникийн хяналт, шалгалт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 41,379 жолоочийн зөрчлийг арилган хууль дүрэм танилцуулан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мөн Нийслэлийн Тээврийн газартай хамтран нийтийн зорчигч тээврийн том оврын автобусны утаа, техникийн бүрэн байдалд шалгалт хийж 20 аж ахуйн нэгжийн 827 том оврын автобус хамруулж, 1,978 зөрчил илрүүлж, арилгуулахаар аж ахуйн нэгж, байгууллагад албан мэдэгдэл, шаардлага хүргүүлэн үр дүнг тооцжээ.

"Тусгай дуут болон гэрэл дохио" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, холбогдох журам зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон 183 зөрчлийг илрүулэн арилгуулж, иргэддээ цаашид зөрчлийг дахин давтахгүй байхыг анхааруулан мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажиллажээ.

Дөрвөн замын уулзварт баруун гар тийш эргэх эрх олгов

Дэлхийн улс орнуудын туршлагыг судлахад уулзвар, гарцаар баруун гар тийш эргэх үйлдэл хийж бэйгаа тээврийн хэрэгслүүд тогтмол ногоон гэрлээр гарахыг зөвшөөрснөөр автомашины уулзвар нэвтрэх чадварыг сайжруулж, дуу чимээ, замын түгжрэлийг багасах, агаарын бохирдлыг бууруулах, хувь хүний эдийн засагт хэмнэлт гарах үр дүнтэй гэв.

Улаанбаатар хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлснээр баруун 4 замын уулзвар, зүүн 4 замын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулж, цаашид 48 уулзварт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтыг амралтын өдрөөр ч авна

“Дүнжингарав" худалдааны төвд байрлах "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан цагдаагийн байгууллагаас жолоочийн үнэмлэх солих, нөхөн авах, лавлагаа гаргах, зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс Замын хөдөлгөөний хууль, дүрмийн цахим шалгалт авах үйлчилгээг амралтын өдрүүдэд ч түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 6,143 иргэнд үйлчилгээ үзүүлээд байна хэмээлээ.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд “жолоодох эрхийн үнэмлэх”-ийг хаягаар нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. 

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд ТҮЦ машин, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв", www.ezasag.mn сайтаар дамжуулан жолооны үнэмлэхээ өөрийн ажиллаж, амьдарч буй хаягаар болон олон улсын шуудангаар гадаадын улс орноос ч хугацаа алдалгүй захиалж, санхүүгийн хэмнэлттэйгээр хүлээн авах боломжтой болсон байна.