Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд хорт хавдрыг 99 хувийн нарийвчлалтай илрүүлэх зөөврийн лаборатори бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 24
IKON.MN

Саяхан Вашингтон Мужийн Их сургуулийн хэсэг судлаачид, туслах профессор Лэй Лигийн удирдлаган дор ухаалаг гар утастай холбож ажиллуулдаг, хорт хавдрыг өндөр нарийвчлалтай илрүүлэгч зөөврийн лаборатори зохион бүтээснээ зарлажээ.

Вашингтон Мужийн Их сургуулийн вэб сайтад анх зарлагдсан шийдэл нь нэгэн зэрэг найман өөр дээжинд шинжилгээ хийж үр дүнг гаргах чадвартай.

Ингэхдээ дээжин дэх химийн бодисын төрөл, хэмжээг гар утасны камер дээр суурилсан спектрометрийн тусламжтай шинжилж гаргадаг гэнэ.

 
 

Нэгэн зэрэг найман дээжийг шинжлэх, эсвэл нэг дээжийг найман удаа шинжилж илүү баталгаатай дүгнэлт гаргах боломжтой гэж профессор Ли зохион бүтээсэн багажийнхаа тухай ярьжээ.

Ли болон түүний багийнхан эхний удаад iPhone 5 загварын гар утсаар ажиллуулж үзсэн бөгөөд одоо бусад төрлийн ухаалаг гар утсанд тааруулахаар ажиллаж байгаа гэнэ. Ямар ч эмнэлэгт, тусгай лабораторигүйгээр хорт хавдрыг илрүүлэх боломжтой болж байгаа нь том дэвшил болжээ. Нэг ийм зөөврийн лабораторийн өртөг $150 орчим болж байгаа гэнэ.

Энэхүү судалгааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Biosensors and Bioelectronics сэтгүүлээс үзэж болно.

 

Эх сурвалж: 9to5mac.com