Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

AT&T компани Time Warner-ийг $85 тэрбумаар авахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбооны аварга компани AT&T, хэвлэл мэдээллийн томоохон групп Time Warner-ийг $85 тэрбумаар худалдаж авахаар болсон нь дэлхийн хамгийн том телеком, медиа фирмүүдийн нэгийг үүсгэхэд хүргэлээ.

Хоёр компанийн төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр наймааг дэмжсэнийг Бямба гарагт буюу өчигдөр гаргасан мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд өгүүлснээр AT&T компани Time Warner-ийн нэгж хувьцаа бүрт $107.50 төлж, бэлэн мөнгө, хувьцаа нийлээд $85.4 тэрбумын дүнтэй наймаа хийхээр болсон байна.

Худалдан авах ажиллагаа 2017 онд багтаж дуусахаар төлөвлөгдсөнийг AT&T мэдээлжээ.

AT&T бол Америкийн хоёр дахь том үүрэн холбооны оператор бол Time Warner нь HBO, CNN, Cartoon Network, Warner Brothers зэрэг олон медиа сувгуудыг эзэмшдэг томоохон компани тул энэ наймаа зах зээлд монополь тоглогч гарч ирэх вий гэсэн айдас төрүүлж байгаа юм.

Үүний илрэл болж Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп уг наймааг “хэт их хүч чадал нэг дор төвлөрсөн явдал” гэж нэрлээд “ардчиллыг устгах аюултай” хэмээн дүгнэсэн байна.

Наймааны үр дүнд AT&T компанид Harry Potter, Batman киноны фрэнчайз, The Big Bang Theory, Game of Thrones зэрэг үнэ цэнтэй контентуудыг эзэмших эрх нээж өгч байгаа юм.

Түүний өрсөлдөгч Verizon компани мөн медиа салбарт мөнгө хаяж Yahoo-г худалдан авахаар болсон бол AOL компанийг авчихсан байгаа.

Харилцаа холбооны компаниудын хувьд зах зээл нь ханалтын түвшинд шилжиж, орлого нь нэмэгдэхгүй болсон тул ийнхүү медиа салбарыг үнэ цохин худалдаж авч бизнесээ тэлэхийг оролдох болж байна.

Гэхдээ уламжлалт медиа салбарынхан ч Netflix, Amazon Prime, Youtube зэрэг онлайн тоглогчдын зүгээс ширүүн өрсөлдөөнтэй тулгараад байгааг энд дурдах хэрэгтэй юм.

 

Эх сурвалж: The Guardian