Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Ангарагт илгээсэн станц 2-4 км өндрөөс унаж сүйрчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Европын Сансрын Агентлагийн (ESA) ExoMars хөтөлбөрийн хүрээнд Ангарагт илгээгдсэн Schiaparelli станц тус гарагт газардахдаа осолдож сүйрсэн болохыг баталжээ.

Станц нь газардах үедээ 2-4 км өндрөөс Ангарагийн гадарга дээр шууд унасан болохыг сансрын агентлаг өчигдөр буюу Баасан гарагт мэдээлсэн юм. Өндрөөс 300 км/цаг хурдтай унасны улмаас 577 кг жинтэй станц сүйрсэн гэнэ.

NASA-гийн Mars Reconnaissance Orbiter дагуул Ангарагийг тойрон эргэж байдаг бөгөөд түүнээс авсан гэрэл зураг дээр унасан станц харагдаж байгаа ажээ.

Өнгөрсөн Лхагва гарагт ESA станцыг Ангарагийн тойрог замд амжилттай оруулсныг мэдээлж байсан юм. Гэвч удалгүй Schiaparelli станц газардах ажиллагаагаа эхлээд сураггүй алга болсон байна.

Одоо ESA уг станцыг тойрог замаас Ангарагийн агаар мандалд оруулсан Trace Gas Orbiter (TGA) хөлгөөс авсан мэдээлэл дээр шинжилгээ хийж, алдаа гарсан шалтгааныг хайж байгаа юм.

NASA-гийн өмнө нь авсан зурагтай харьцуулахад станцын сүйрсэн газарт урьд нь хоосон байгаа нь харагдаж байгаа бол сүүлд нэгэн биет нэмэгдсэн байна. Үүнийг сүйрсэн Schiaparelli станц гэж үзэж байгаа ажээ.

Ийнхүү 2003 онд Европчууд Ангарагт станцаа хүргэх бүтэлгүй оролдлого хийснээс 13 жилийн дараа дахин оролдоод мөн бүтэлгүйтлээ.

Одоогоор АНУ-ын илгээсэн Opportunity, Curiosity станцууд Ангарагт амжилттай ажиллаж байна.

 

Эх сурвалж: Russia Today