Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Вирүсийн гаралтай өвчин болох ханиаданд антибиотик ямар ч нөлөө үзүүлэхгүй"

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 22
iKon.MN

Хүйтний улиралтай зэрэгцэн ханиад, томуугийн өвчлөл нэмэгддэг. Гэр бүлийнхэн хүүхэд тань ханиад хүрмэгц хурдхан эдгээхийн тулд та эмийн санд байгаа хамгийн хүчтэй эм, антибиотик авч уулгадаг уу? 

Эмчид үзүүлэлгүй дур мэдэн эм уух нь ямар хор уршиг дагуулж болох талаар эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны  зөвлөгөөг хүргэж байна.

“Вирүсээр үүсгэгдсэн халдвар хоёрдогч нянгаар хүндэрсэн үед антибиотик хэрэглэнэ”

 

“Хүүхдийн хамраас нус гарах, бага зэрэг халуурах үед эцэг эхчүүд дур мэдэн эм худалдан авч хүүхэддээ уулгадаг. Ингэхдээ антибиотик сайн, хурдан өвчнийг дарна гэдэг ч юм уу буруу ойлготоороо шууд л аваад өгчихдөг. Гэтэл антибиотик бол бичил биетэн нянг усгах үйлчилгээтэй эм болохоос биш вирүсийн гаралтай өвчинд ямар ч нөлөө үзүүлэхгүй. 

Ханиад бол вирүсийн гаралтай өвчин. Харин нянгийн оролцоотойгоор хүндэрдэг. Тухайн үед нь эмчийн заавраар антибиотик хэрэглэж болно.

Хүүхдэд шууд дур мэдэн антибиотик уулгаснаас болоод дараа нь тухайн антибиотикт тохирох нянгаар үүсгэгдсэн өвчин гарахад хүүхдийн биед дасал болсон учир хүндрэх аюултай байдаг. 

Жилээс жилд шинэ антибиотикууд бий болсоор байгаа ч антибиотикт тэсвэртэй нянгийн тоо түүнээс их бөгөөд хэд дахин хурдан хувьсаж байна. 2020-2030 онд нянгаар үүсгэгдсэн өвчнүүдийг анагааж чадахгүй байж болзошгүй байгаа учраас ДЭМБ болон манай улсын эрүүл мэндийн салбарын бодлогод антибиотикийн хэрэглээний асуудал хамгийн хүчтэйгээр орж ирж байгаа. Дэлхийн бусад бүх улс оронд антибиотикийг эмчийн жороор олгодог” хэмээн  ЭМЯ-ны мэргэжилтэн  А.Өнөржаргал ярилаа.

Түгээмэл асуулт хариулт:

- Антибиотик гэж юу вэ?

- Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэнэ.

- Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?

- Вирүсээр үүсгэгдсэн халдвар хоёрдогч нянгаар хүндэрч хүүхдийн бие суларсан, биеийн байдал хүндэрсэн үед эмчид үзүүлж эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ

- Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол нь юу вэ?

- Антибиотикийн нэр төрөл маш олон, өвчин үүсгэгч нянгаас хамааран хэрэглэх заалт нь ч янз бүр байдаг. Өөрт тохирох антибиотикийг жирийн иргэд оновчтой сонгож чаддаггүй. Тиймээс антибиотикийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийлгэн, эмчид хандаж жор бичүүлснээр эмч танд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх болно. Үүнээс гадна ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэх, хоол ундтай хэрхэн зохицуулахыг эмч зааж өгнө.


Ханиад томуугаар өвчилсний дараа эмчилгээ хийхээс илүү урьчилан сэргийлж дархлагаа дэмжих, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь чухал байгааг эмч зөвлөж байгаа юм.

“Томуугийн вакциныг жил бүр дахин хийлгэх шаардлагатай”

 

"Сүүлийн жилүүдэд томуугийн вакцинд сайн дураараа хамрагдах иргэдийн тоо нэмэгдсээр байна.  3-4 жилийн өмнө жилд 2,000-3,000 хүн томуугийн вакцинд хамрагддаг байсан бол өнгөрсөн жил 10,000 гаруй хүн вакцинд хамрагдсан.  

Томуугийн А вирүс нь их хувьсамтгай, байнга цэгэн мутацад орж байдаг.

Энэ жилийн хувьд АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллаж арваннэгдүгээр сарын эхээр 45 мянган хүн тун вакциныг оруулж ирэхээр болоод байна. Эдгээр вакциныг хүн амын эрсдэлт бүлгийнхэн буюу эмнэлгийн байгууллагын ажилтнууд, онцгой байдал, цагдаагийн албан хаагчдад үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж байна. Цаашид бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудыг үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамруулах бодлого барьж байгаа.

Мөн энэ жилийн хувьд Засгийн газраас хөрөнгө гаргаж 30,000 гаруй хүн тун томуугийн вакцин НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалаад байна. Одоогийн байдлаар вакцин аль улсаас, ямар үнэтэй орж ирэх тодорхойгүй байгаа. Өнгөрсөн жил 13,000 төгрөгөөр хийгдэж байсан томуугийн вакцин энэ жил 15,000 орчим төгрөгөөр хийгдэх байх гэсэн таамаг байна. 

Томуугийн А вирүс нь их хувьсамтгай, байнга цэгэн мутацад орж байдаг учраас томуугийн вакциныг жил бүр өөр найрлагатайгаар хийж, жил бүр дахин хийлгэх шаардлагатай болдог” хэмээн ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа хэллээ.

Түгээмэл асуулт хариулт: 

-    Томуугийн вакциныг хэн хийлгэх боломжтой вэ?

-    6 сараас дээш настай бүх хүн томуугийн вакцин хийлгэх боломжтой.

-    Томуугийн вакциныг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ?

-    Аравдугаар, арваннэгдүгээр сард томуугийн улирал эхэлдэг учраас энэ үед хийлгэх нь хамгийн тохиромжтой.