Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн 4 удаагийн аварга Каори Ичо "Ард Түмний Хүндэтгэл" шагналыг хүртжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Олимпийн наадмын дөрвөн удаагийн аварга, алдарт бөх Каори Ичод "Ард Түмний Хүндэтгэл" шагналыг Японы ерөнхий сайд Шинзо Абэ гардуулжээ.

Өнгөрсөн наймдугаар сард болсон Рио 2016 Олимпийн наадмаар Ичо алтан медаль хүртэж, дараалан дөрвөн удаа аваргалсан анхны эмэгтэй тамирчин болсон юм.

Ичод сертификат, цом, кимоногийн алтан бүс гардуулжээ.

“Алтлаг бүсийг ямар кимонон дээр зүүхээ би бодож байна. Үүнийг зүүгээд дэлхийг тойрон аялахдаа би Япон хүн гэдгээрээ бахархах болно” гэж Ичо хэвлэлд ярьсан байна.

“Ард Түмний Хүндэтгэл” шагналыг 1977 онд бий болгосон бөгөөд онцгой амжилт гаргасан хүмүүст өгдөг уламжлалтай. Ичогоос өмнө 22 хувь хүн, нэг баг хамт олон энэхүү шагналыг хүртэж байжээ.

Тэдний дотор Ичогийн ижил чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида байгаа юм. Ерөнхий сайд Абэ түүнээс 2020 оны Токиогийн Олимпийн наадамд оролцож тав дахь алтан медалиа авах бодолтой байгаа эсэхийг шагнал гардуулахдаа асуусан байна.

Ичо “Би одоогоор бэртэлтэй байгаа. Надад энэ талаар бодох бас амрах цаг хэрэгтэй” гэж хариулснаа сэтгүүлчдэд ярьжээ.

Ичогоос өмнө энэ шагналыг авч байсан Олимпийн аваргуудыг тоочвол 2000 оны Сиднейн Олимпийн наадмын марафон гүйлтийн аварга Наоко Такахаши, 1984 оны Лос Анжелесийн Олимпийн наадмын жүдо бөхийн аварга Ясухиро Ямашита нар байгаа юм.

Эдгээрээс гадна кино найруулагч Акира Куросава, хөгжмийн зохиолч Масао Кога, бэйсболын домог Садахару О нар хүртэж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times