Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигаар олсон $31 саятай тэнцэх бэлэн мөнгө илрүүлснээ Хятадын телевиз үзүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн телевизийн сувгаар авлигын хэрэгт холбогдсон албан хаагчийн Бээжин дэх гэрээс илрүүлсэн $31 саятай тэнцэх бэлэн мөнгийг өнөөдөр үзүүлжээ.

Их хэмжээний бэлэн мөнгийг Хятадын Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооны нүүрсний салбарын дэд захирал байсан Вэй Пэнюаний гэрээс илрүүлсэн байна.

Түүнийг 200 орчим компаниас авлигал авсан хэрэгт яллаж, түдгэлзүүлсэн байсан цаазын ялыг нь Даваа гарагт оноосон тухай телевизийн суваг мэдээлжээ. Хэргийг 2014 онд илрүүлээд байсан юм байна.

Энэ бол 1949 онд БНХАУ байгуулагдсан цагаас хойш хуулийнхны нэг удаагийн ажиллагаагаар илрүүлсэн хамгийн их хэмжээтэй бэлэн мөнгө гэж мэдээнд дурдсан байна.

 

Вэйн гэр ганц орноос өөр тавилгагүй байсан ба харин цаасан хайрцагтай бэлэн мөнгөөр дүүрэн байсан гэнэ. Юань, ам.доллар, евро, паунд, хонг конг доллараар багцалсан нийтдээ 210 сая юань буюу $31 саятай тэнцэх бэлэн мөнгө байжээ.

Энэ их бэлэн мөнгийг тоолохын тулд банкны ажилчин 14 цаг зарцуулсан бөгөөд таван мөнгө тоолох машин зэрэг ашигласан байна. Энэ үеэр нэг машин нь хэт ачаалал өгснөөс болж эвдэрсэн гэнэ.

Нийт бэлэн мөнгөний жин 2.3 тоннд хүрч байсныг мэдээнд дурджээ.

Вэй нь 2000-2014 онд нүүрсний уурхайн төслүүдийг үнэлэхдээ их хэмжээний авлигал авч, тоног төхөөрөмж хууль бусаар компаниудад зардаг байсан байна.

Тэрээр өглөө ажилдаа ирэхдээ эвхдэг дугуй унаж ирдэг даруухан нэгэн байсан тухай хамт ажиллагсад нь ярьсан байдаг. Үнэндээ Вэй нь цоо шинэ Audi хөлөглөж ирээд ажлын ойролцоо зогсоолд байрлуулж, машиныхаа ачаанд хийсэн дугуйг гаргаж унан ажил руугаа ирдэг байсныг камерын бичлэгээс илрүүлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post