Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батнасан: Токио-2020 зуны олимпийн наадмын эхний циклд залуу тамирчдаа сойж байна

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 10 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга, ОУХМ Ц.Батнасантай “Чингис хаан- Улаанбаатарын цом” олон улсын боксын тэмцээний талаар ярилцлаа.

-“Чингис хаан- Улаанбаатарын цом” олон улсын боксын тэмцээн эхэллээ. Тэмцээний талаархи мэдээлэл өгөхгүй юу? 

-Олон улсын сонирхогчдын боксын холбооны буюу AIBA 2016 оны календарчилсан хөтөлбөрт багтсан “Чингис хаан- Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн гурав дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд зургаан орны нийт 81 тамирчин оролцлоо. 

-81 тамирчин цомын төлөө өрсөлдөж байна гэлээ. Ямар улсын тамирчид оролцож байна вэ? 

-Олон улсын чанартай тэмцээн учраас олон тамирчин оролцлоо. Тухайлбал, ОХУ, БНХАУ, Узбекстан, Сингапур, Унгар, Монголын эрэгтэй 61, эмэгтэй 24 тамирчин оролцож байна. 

-Энэ тэмцээн анх 1969 онд зохиогдож байсан гэсэн. Тэмцээний түүхийн талаар дурсвал? 

-Тийм. “Чингис хаан- Улаанбаатарын цом” тэмцээн нь анх 1969 онд зохион байгуулагдаж байсан. “Улаанбаатарын цом” Олон улсын тэмцээнийг “Чингис хаан-Улаанбаатарын цом” нэртэйгээр 16 жилийн дараа сэргээн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Ер нь 27 жил зохион байгуулагдаж байгаа гэж ойлгож болно. 

-Манай улсын боксын шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юу? 

-Манай улсаас олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат, Азийн аварга З.Энхзориг нараас бусад шигшээ багийн тамирчид оролцож байгаа. Энэхүү тэмцээн маань Рио-2016 олимпийн наадмын дараах анхны тэмцээн. Бидний хувьд Токио 2020 олимпийн зуны олимпийн наадмын циклийн эхний тэмцээн болж буйгаараа онцлог юм. Тиймээс бид энэ тэмцээнд аль болох залуу тамирчдыг дэмжиж, гаргаж ирэх зорилготой. Ер нь бусад орны тамирчдыг харж байхад ч ихэвчлэн залуу тамирчид оролцож байна.

-Нийт хэдэн жинд тамирчид өрсөлдөж байгаа вэ? 

-Нийт 12 жинд тамирчид өрсөлдөж байна. Тодруулбал, эрэгтэй 49, 52,56, 60, 64, 69, 75, 81 найман жинд, эмэгтэй 51, 54, 60, 69 дөрвөн жинд өрсөлдлөө. 

-Тэмцээний эхний өдрийн тулааны таалар мэдээлэл өгөхгүй юу? 

-Эхний өдүүдэд Д.Мөнх-Эрдэнэ 49 кг, О.Мөнхсайхан 56 кг, Э.Цэндбаатар 56 кг, О.Батзориг 69 кг, Узбезстаны боксчин Ф.Мелибоев 69 кг, БНХАУ-ын боксчин Ху Ричабилиге 69 кг, Б.Мөнх-Ирээдүй /69 кг/, БНХАУ- ын боксчин Жилей Жан 75 кг-д эхний ялалтаа авлаа. Харин манай улсын эмэгтэй боксчдоос М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, Д.Шинэцэцэг, У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал нар өрсөлдөгчөө ялж, дараагийн тулаанаа хийх эрхтэй болсон. Мөн Узбекистан боксчин Турсуной Рахимов, Унгарын боксчин Анита Боде нар ялалт байгуулсан. 

-Олон улсын тэмцээн учраас шүүгчдийн бүрэлдэхүүн сонирхол татаж байна? 

-Олон улсын боксын холбоо буюу AIBA-гийн одтой шүүгчид энэхүү тэмцээнийг шүүж байгаа. Тухайлбал, Азийн боксын холбооны тэмцээн зохион байгуулагч Казахстан улсын иргэн Аслан шүүгчээр ирсэн. Манай улсаас гурван шүүгч ажиллаж байна. Ер нь оролцож байгаа улс болгон өөрсдийн шүүгчтэй ирсэн байна билээ. Тэмцээний маань хагас шигшээ энэ баасан гарагт, шигшээ тоглолт нь Бямба гарагт болох юм.

Зураг