Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Баярсайхан: Морины мумми маш сайн хадгалагдсан байсан

Т.Батсайхан, Зууны мэдээ
2016 оны 10 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсаас морины мумми олдсон тухай “National Geograpchic” сэтгүүл өнгөрсөн сарын дугаартаа нийтэлжээ. Энэ талаар Үндэсний музейн археологич Ж. Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр Ховд аймгийн Мянгад сумын нутагт үргэлжилсэн археологийн малтлагад багийн ахлагчаар оролцсон юм.

-Танай малтлагын баг Монголоос анх удаа морины мумми нээж илрүүлсэн байна. Та бүхэн хэзээ Ховд аймгийг зорив. Малтлага хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-Үндэсний музей рүү Ховд аймгийн цагдаагийн газраас мэдээлэл ирүүлсэн байдаг. Хэсэг иргэд эртний дурсгалыг тонож сүйтгээд зарим эд өлгийн зүйл нь цагдаагийн газар хураагдсан байна гэж мэдээлсэн. Удалгүй мэргэжлийн судлаачдын баг Ховд аймгийг зорьсон. Өнгөрсөн тавдугаар сард тэнд 10 гаруй хоног ажиллаж, морины маш сайн хадгалсан мумми олсон байгаа. 

-Нутгийн иргэд тоносон байсан гэлээ. Мэргэжлийн багийг очиход байдал ямар байв?

-Хамгийн эхлээд Ховд аймгийн цагдаагийн газарт хураагдсан эртний эд өлгийн зүйлтэй танилцсан. Эртний модон эмээл, нум, сум вааран сав зэрэг зүйл байсан. Тэдгээрийг харахад нэлээд сайн хадгалагдсан, агуйн оршуулга гэдэг нь тогтоогдсон. Органик материалууд ингэж сайн хадгалагдана гэдэг нь газар дор биш хаданд хадгалагдаж байгаа гэдэг нь тодорхой байлаа.

Тэгээд цагдаа нар, нутгийн удирдлагуудаар заалган тухайн агуйд очиж ажилласан. Мянгад сумын нутаг Урд улаан үнээт гэдэг томоохон уулын баруун урд энгэрт тухайн агуй байрласан.

Биднийг очиход зарим эд өлгийг буруу гартнууд сүйтгэсэн байсан. Агуйн аман дээр ширэнд боосон адууны мумми буюу толгой, хүзүү, дөрвөн туурай, сүүлтэйгээ байсан. Энэ бол яалт ч үгүй түүхэн олдвор гэдэг нь тогтоогдсон. 

-Тухайн агуйнаас өөр ямар олдворуудыг нээн илрүүлсэн бэ?

-Сүйтгэсэн байсан учраас зарим эд өлгийн зүйлийг тогтооход хүндрэлтэй байлаа. Дээл хувцасны тасархай тухайн орчинд тарсан. Агуйн ам руу ороход хүний хагас хатсан шарил, модон авс, гахайн ширэн дээл, хоёр ширэн ууттай зүйлс гарсан. Нэг ширэн уутанд нь дугуй модон тоглоомууд байлаа.

Нөгөөд нь нунтаг, шингэн зүйл хадгалж байсан болов уу гэмээр наалдаад хатсан байсан. Тэрийг одоо хүртэл задлаагүй байгаа. Лабораторийн төвшинд судалгаа хийсний дараа юу байсныг нь илрүүлэх боломжтой. Бид олдворуудыг гаргаж, агуйн шорооноос дээж авч нягталсан. Мөн Цагдаагийн газар хураагдаад байсан эд өлгийн зүйлийг хууль журмынх нь дагуу Улаанбаатар хот руу шилжүүлсэн байгаа.

-Тухайн үедээ та бүхэн яагаад мэдээлээгүй юм бэ. Адууны мумми олдсон талаар саяхнаас л олон нийтэд цацагдаж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард та бүхэн олдворыг олсон байна?

-Ер нь археологийн олдворуудыг олон нийтэд сүр дуулиан болгон цацах нь сүүлийн үед сөрөг зүйлийг үүсгэж байна. Эртний эд өлгийн зүйлс их байдаг. Тэднийг зарахаар мөнгө олдог юм байна гэсэн төсөөлөл олон нийтийн дунд байна. Сүржин мэдээлэл нь ховдог шунахай сэтгэлтний тэрхүү төсөөллийг улам асааж байна.

Алт мөнгөндөө гол нь биш, тухайн олдворт байгаа жижиг ваарны хагархай, даавууны тасархай ч судалгаа шинжилгээний ач холбогдолтой гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Энэ байдал маань хүмүүсийг соёлын өв рүүгээ шуналын нүдээр хардаг болгоод байна. Тиймээс бид тухайн үед сүржин мэдээлэхийг зориогүй.

-Ер нь соёлын өвийн хамгаалалтын асуудал манайд сул байна уу гэж хардаг. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Үнэхээр сул, бараг эзгүй байна гэж хэлж болно. Одоогоор говь, тал, хээр цаашлаад хүн нутагладаггүй зэлүүд газрын соёлын өвүүд бүрэн тоногдож дууссан. Үүнд сэтгэл эмзэглэж явдаг. Соёлын өв рүүгээ дайрч давшилсан, ямар ч хараа хяналтгүй байдал энэ салбарт үүсээд байгаа. Тиймээс төр засаг анхаарах цаг нь болсон гэж судлаачийн хувьд боддог.

Шинээр хэлэлцэгдэж буй соёлын өвийн хуульд энэхүү тонож сүйтгэсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байгаа. Тэр нь хэрэгжээд эхэлбэл байдал арай дээрдэх болов уу гэж хардаг. Одоо бол тоносон этгээдийг олсон ч хуулийн зүгээс хариуцлага хүлээлгэх тогтолцоо байхгүй байна.

-Морины муммиг хотод шилжүүлэн авчирсан гэлээ. Одоогоор хаана байгаа вэ. Судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна уу?

-Дээл, хувцас, хатмал шарил зэрэг маш эмзэг эд өлгийн зүйл дээр судалгаа хийхээсээ өмнө сэргээн засварлах бэхжүүлэлтийн ажил хийж байна. Бусад олдворыг бүрэн вакумжуулан, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалсан. Авс, эмээл зэрэг эд өлгийг Соёлын өвийн төвд сэргээн засварлаж байна.

-Судалгааны эхний мэдээллүүдээс хуваалцахгүй юу. Хэдий үеийн олдвор гэж тогтоогдсон бэ?

-Он цаг тогтоох шинжилгээг удахгүй гаднын оронд хийлгэх төлөвлөгөөтэй байгаа. Бид 400 жилийн өмнөх үетэй холбогдож магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байна. Ерөнхийдөө авсны мод, эмээл, хазаар зэргийг харахад Түрэгийн үед буюу тэрнээс арай хожуу үетэй холбогдож болно.

Үнэ цэнэ, түүхэн мэдээлэл, хадгалагдсан байдлынхаа хувьд маш үнэтэй эд өлгийн зүйл юм. Нум нь хөвчтэйгөө, эмээлийн жирэм оломных нь сур бараг хэвээрээ байлаа. Ингэж сайн хадгалагдсан эд өлгийн зүйл үнэхээр ховор юм.

-Энэхүү эд өлгийн зүйлтэй ойролцоо олдвор манай орноос олдож байсан юм болов уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дундад эртний үе буюу VI-X зууны үед хүнийг агуйд оршуулах соёл дэлгэрсэн гэж үздэг. Хуурай сэрүүн орчинд анхны байдлаараа хадгалагдан үлддэг учраас эдгээр олдворын судалгаа шинжилгээний ач холбогдол их юм. Газар доор булсан олдвороос хэзээ ч олж чадахааргүй мэдээллийг агуйн олдворууд хадгалж байдаг.

Ер нь дэлхийд археологийн ач холбогдлоороо агуйн олдвор, мөнх цэвдэгт байх эд өлгийн зүйлс тэргүүлж байна. Мөнх цэвдэгт хүний гар хүрч чадахгүй учраас маш сайн хадгалагддаг. Мөн хүний шарил хэдэн мянган жил тэнд байхад арьс нь хэвээрээ; бие дээрх шивээс нь хүртэл мэдэгддэг тийм алдартай олдворууд дэлхийд бүртгэгдсэн байдаг.

Харин манай оронд агуйн олдворууд их бүртгэгдэж байгаа. Өмнө нь Баянхонгорын нутаг, Бөмбөгөрийн Арцат дэлийн агуй зэргээс дундад эртний монголчуудын эд өлгийн зүйлсийг олж байсан. Тухайлбал, XX зууны үеийн эмээл, хазаар нум сумтайгаа иж бүрэн агуйн эд өлгийн зүйл олдсон нь одоо манай музейд хадгалагдаж байна.

-Тэгвэл энэ удаагийн морины мумми олдворын гол онцлог, үнэт зүйл нь юу вэ?

-Харьцангуй эртний гэдэг нь тогтоогдсон. Тухайн эринд Ховд аймгийн Мянгад сумын ойролцоо амьдарч байсан эртний хүмүүсийн зан үйл соёлын мэдээллийг хадгалснаараа чухал ач холбогдолтой байна. Мөн морины мумми гэдгээрээ хүмүүсийн анхаарлыг татаж байна. Адууг дөрвөн шийр, хүзүү толгойг нь арьсанд нь үлдээж хадгалах зан үйл монголчуудын дунд байсан гэдгийг энэхүү олдвор маань бас батлан харуулж байна.

Дундад эртний үе, хиргисүүр буган хөшөөний соёл болон Хүннүгийн үед ч адуутаа дээдэлж, хүндэлж байсан гэдэг нь тогтоогдож байна. Энэхүү олдвор нь маш сайн хадгалагдсан учраас адууны зүс, генетикийн судалгааг мэдэх чухал ач холбогдолтой. Мөн тэнд байсан гахайн арьсан дээл гэхэд урьд өмнө Монгол нутгаас олдож байгаагүй. Хэв хийцийн хувьд Дундад эртний монголчуудын хэв маягаас арай өөр юм билээ. Одоо тасархай хэсгүүд байгаа.

Тэднийг нийлүүлэн бүрэн сэргээн судалсны дараа дүгнэлтээ хэлэх- нь зүйтэй болов уу. Бид дээлний үснээс дээж авч амьтан судалдаг лаборатори руу явуулсан байгаа.

-Ховд аймгийн Мөнх-хайрхан сумаас “Адидас" брэндийн гутал олдсон талаар өмнө нь мэдээлсэн. Энэхүү олдворын судалгааны ажил ямар шатандаа яваа вэ?

-Соёлын өвийн төвд олдворыг сэргээн засварлаж байна. 2017 оны нэгдүгээр улиралд сэргээж дуусна. Тухайн үед мөн судалгааны эхний мэдээллүүдийг өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Энэхүү олдворыг  Монголын судлаачид нээж илрүүлсэн. Гэтэл цахим сайтуудаар гаднын судлаачид нээсэн, Монголд судлаач байхгүй юм шиг л мэдээлж  байсан. Морины мумми, “Адидас”-ын олдворт ямар ч гаднын археологичид оролцоогүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Зураг