Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг мөн үү?

Монгол хэл соёлын хүрээлэн
2016 оны 10 сарын 21
Монгол хэл соёлын хүрээлэн
Зураг зураг

“Тэнгэрийн хүү” жүжиг “Гэгээн муза” наадмын 8 номинацын 6-г нь хүртэж байсан удаатай бөгөөд өнөөг хүртэл жил бүр Улсын драмын эрдмийн театрын нээлтийн тоглолтуудад тавигдсаар байна. МУИС-ын багш, ШУ-ны доктор, профессор Д.Галбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг “Бүхэл бүтэн романы дайтай энэ жүжиг орчин үеийн монгол уран зохиолын жүжигийн салбар, нэн ялангуяа түүхэн жүжгийн салбарт шинэ нэрийн хуудас, түүхэн зүйн томоохон туршлагыг бий болгосон” хэмээн дүгнэсэн байдаг.

“Тэнгэрийн хүү” жүжгийн гол баатрууд нь Түмэн шаньюй, Модун шаньюй, Модун шаньюйн хөвгүүн Гүюг ажээ. Гэвч Модун шаньюй НТӨ 174 онд тэнгэрт хальсны дараагаар түүний орыг хүү Цзиюй залгамжилсан бөгөөд энэ үеэс эхлэн Хүннүгийн шаньюй нар өөрийн нэрээс гадна цол болох хүндэтгэлийн нэр хэрэглэх болжээ. Иймд Цзиюйг Лаошан шаньюй хэмээн нэрлэх болсон билээ. Зохиогч яагаад Лаошань шаньюйг Гүюг хэмээн нэрлэсэн нь тодорхойгүй. Магадгүй үзэгчдэд ойлгомжтой болгох үүднээс “зохиомлоор” хэн бүхний мэдэх Гүюг (Өгэдэй хааны хөвгүүн) хааны нэрийг барьсан бололтой. 

Зохиолын үйл явдал Түмэн шаньюй өргөөндөө найр хийж буйгаар эхлэх бөгөөд энэ үед Аргун хэмээх нэгэн баатар Кушаны цэргүүд довтолсон тухай мэдээг дуулгадаг. Гэтэл Кушаны хаант улс нь НТ өмнөх I-III зууны орчим Умард Энэтхэгт оршин тогтнож байсан улс юм. Харин Хүннү улсын Түмэн шаньюй НТӨ 209 оноос өмнө төр барьж байсан бөгөөд Кушаны хаант улс Түмэн шаньюй хоёрыг 300 орчим жилийн түүх зааглаж байгаа юм. Кушаны хаант улсын үндэс суурийг тавигчид нь Модун шаньюйд цохигдон зүүн зүгт одсон Юэчжи аймаг билээ. Зохиогч Юэчжи нарыг яагаад Кушан хэмээн нэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд Ж.Неругийн Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл номыг гол хэрэглэгдэхүүн болгон ашигласан байж магадгүй юм. Учир нь тус бүтээлд Юэчжи нарыг Кушан хэмээн нэрлэсэн байдаг. Ямартаа ч Юэчжи нарыг Кушан хэмээн шууд заан нэрлэх нь түүхэн он цагийн үүднээс зохимжгүй. 

Зохиол цааш Юэчжи (Кушан)-д Модуныг барьцаанд явуулах тухай Түмэн шаньюй, Шунхуй хатан, Лүүсүү ван нарын яриагаар үргэлжлэх бөгөөд Лүүсүү ван “цэх ургасан хайлаас шиг цэвэрхэн төрсөн дүүгээ .... хаан таны хань болгосон гавьяаг минь одоо мартжээ” хэмээн өгүүлэх ажээ. Энэхүү харилцан ярианаас үзвэл Түмэн шаньюйн бага хатан нь Лүүсүү хэмээх Хүннү улсын баруун гарын вангийн төрсөн дүү болох ажээ. Гэтэл Модун шаньюйн домогт өгүүлснээр Түмэн шаньюй өөрийн хятад гаралтай хатны үгэнд автан Модун хүүгээ Юэчжи нарт барьцаанд явуулсан тухай өгүүлдэг. Зохиогч Түмэн шаньюйн бага хатны үүсэл гарлыг өөрчлөн бичсэн нь хачирхалтай.

 

Улмаар Модун шаньюй Юэчжи нараас зугтахдаа Юэчжийн эзэн хааны охин Бүниг дагуулан гарахын зэрэгцээ Юэчжийн шадар сайдын толгойг таслан авч одох ажээ. Тэрбээр тэрхүү сайдын гавлын ясаар аяга хийнэ хэмээн Бүни гүнжид өгүүлдэг. Гэтэл энэ тухай мэдээ сэлт үгүй бөгөөд харин хожим Модун шаньюйн хөвгүүн Лаошан шаньюй Юэчжи улсын хааны гавлаар аяга хийсэн тухай хятад сурвалжид өгүүлсэн байдаг ажээ. Энэ тухай сурвалжид Хан улсын У-ди хаан Хүннүгээс урваж ирсэн хүмүүсээс асуухад “Хүннүчүүд Юэчжийн хааныг барьж алаад гавлаар нь аяга хийсэн. Тиймээс тэд зугтаж явснаас хойш ямагт Хүннүгээс өс авахыг боддог боловч Хүннүг довтлох хамтрагч олддоггүй” хэмээн өгүүлсэн тухай дурджээ.

Хүннү улс, Модун шаньюйн тухай дэлгэрэнгүй түүх сурвалж үгүй тул зохиогч хожмын үеийн сурвалжуудаас жишээ аван өгүүлжээ. Жишээлбэл Модун шаньюй түмтийн жанжин болоод сархдын тухай өгүүлж буй үг нь Чингис хааны билэг сургаалаас жишээлэн авсан нь тодорхой харагдана. Мөн Бушива хэмээгч өөрийн охин Шагэг Модунд өгөхдөө “Эм хүн үүдэндээ өтлөх ёсгүй” хэмээн хэлсэн нь Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн Дэй сэцэн охиноо Тэмүүжинд өгөхдөө ийн хэлсэнтэй ижил буй. Улмаар Модун шаньюй Юэчжид барьцаанд байхад Юэчжийн шадар сайд “муу зүгийн увидас Модун хулгай минь” хэмээн өгүүлдэг. Гэтэл энэхүү “хулгай” хэмээх үгийг Манж Чин гүрний хаад өөрийн дайсан болон урвасан этгээдийг хулгай хэмээн нэрлэн бичсэн нь олонтоо. Харин эрт үед буюу Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх хугацаанд өөрийн дайсныг хулгай хэмээн нэрлэж байсан мэдээ сэлт үгүй юм. 

“Тэнгэрийн хүү” жүжиг нь бас л нэг түүхэн нэр барьсан уран зохиол бөгөөд Түмэн шаньюй, Могол хатан, Шунхуй хатан, Арваадай, Лүүсүү ван, Шагэ, Бүни, Шива, Дөш зэрэг гарч буй дүрүүд, дүрүүдэд холбогдох үйл явдал нь цэвэр зохиогчийн үзэл бөгөөд он цагийн хувьд зөрөөтэй түүхийн үйл явдлуудаас санаа аван өгүүлсэн байна. 

Түүхч С.Ууганбаяр