Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Аз жаргалтай, эрүүл амьдрах нууц бидний дотор байна

МОНСУДАР
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гэдэс маань бидэнд тархи, зүрхнээс дутахгүй чухал атал бид гэдэснийхээ талаар маш бага мэдлэгтай явдаг нь нууц биш. Гэдэс бүтээлээрээ Жулиа Эндэрс хүний биед төдий нөлөөгүй, үнэнийг хэлэхэд харин ч бүр санаа зовмоор эрхтэн гэж заримын маань боддог эрхтэн болох гэдэс нь үнэндээ хүний биеийн хамгийн нарийн, чухал төдийгүй хамгийн гайхалтай бүрэлдэхүүн хэсэг болохыг нээн харуулжээ.

Гэдэс ямар гайхамшигтай үйл ажиллагаа явуулдаг, ер бусын эрхтэн бэ гэдгийг эрдэмтэд одоо л ухаарч байна. Түүнчлэн, гэдэсний бактериуд таргалалт, харшил, цаашлаад Альцхеймерын өвчинд ч нөлөөлдгийг сүүлийн үеийн олон судалгаа тогтоогоод байгаа юм.

Анх гэдэсний хямралын шалтгаантай өвчин туссаныхаа дараа өөрийн бие махбодын үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн Эндэрсийн судалгаа яван явсаар биеийн шим тэжээл шингээх явц, гэдэсний бактери зэрэг нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаарх сүүлийн үеийн нээлтүүд рүү хөтөлжээ. Гэдэс номыг уншихад тун ч зугаатайгаас гадна эрүүл мэнд, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тухай мэдээллийг эндээс цогц байдлаар авч болно. Бид өөрсдийн доторх энэхүү гайхамшигт ертөнцийг таньж мэдсэнээр, энэ ертөнцийн ашиг тусыг нь ч хүртэх боломжтой гэдгийг Гэдэс ном танд харуулна.

Хүний биеийн хамгийн шоовдор эрхтний тухай хүүрнэхүй хэмээх дэд гарчиг бүхий энэ бүтээл гарсан даруйдаа Германы шилдэг борлуулалттай номоор тодорч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шагшигдан магтагджээ. Үүний дотор, Гардиан сонины Филип Олтерманн Гэдэс номын тухайд, “Гэдэсний тухай Эндэрсийн тунхаг бичиг биднийг гэдэснээсээ болж санаа зовж уучлал гуйж байхын оронд харин ч энэ эрхтэнийхээ агуу амжилтыг магтан дуулахад уриалж байна” гэж дүгнэсэн бол Нью-Йорк Таймс-ын Жэссе Кобурн, “Олон нийт энэ сэдвээр бараг юу ч мэддэггүй нь үнэхээр хачирхалтай. Эндэрс энэ нууцлаг сэдвийг хөндөж, гэдэсний хачин жигтэй үйл ажиллагааг олонд ил болгож байна” гэсэн байна.

Энэ ном анагаах ухааны нарийн асуудлуудыг мэргэжлийн бус уншигч ч тун хялбар ойлгохоор энгийн, хөгжилтэй хүүрнэснийг Сэлф Магазин “Ийм төрлийн номыг ингэж амархан уншиж болох юм гэж ер бодсонгүй ...хосгүй өвөрмөц, ил шулуун бичсэн хөгжилтэй, ойлгомжтой ном...” гэж батлан өгүүлсэн юм. Спектатор сэтгүүлийн Виллиам Күүкийн хэлсэнчлэн “Эндэрсийн энгийн, дотно өгүүлсэн номыг түүний эгчийн зурсан хөгжилтэй, ухаалаг зургууд улам бүр чимсэн” байна.

Номын зохиолч Жулиа Эндэрс 2012 онд Гэдэс хэмээх илтгэлээрээ Берлинд болсон Сайэнс Слам шоунд тэргүүн байр эзэлжээ. Энэ илтгэлийн бичлэг YouTube-д шуугиан дэгдээсэн билээ. Энэ илтгэлийн дараагаар түүнд энэ номыг бичих санаа төрсөн гэдэг. Вилхэлм унд Элз Хераус сангийн тэтгэлгийг хоёронтоо хүртсэн Эндэрс одоогоор Франкфуртын Микробиологийн хүрээлэнд анагаахын докторын зэрэг горилсон судалгааны ажлаа явуулж байна.

Номын зохиолчийн дүү, энэ номын зургуудыг бүтээсэн график дизайнч Жилл Эндэрс шинжлэх ухааныг олон нийтэд хүргэхэд голчлон анхаардаг нэгэн ажээ. Түүний ажлыг Хайнрих Херцийн нийгэмлэгээс өндрөөр үнэлж тэтгэлэг олгосон юм. 2013 онд тэрбээр дизайнер, эрдэмтдийн хамтын ажиллагааны сүлжээ байгуулсан билээ.

Таймс сэтгүүлийн “Бие засах тухай ичилгүй ярихад өдөөсөн бүтээл” гэж товч дүгнэсэн олон улсын бестселлер энэ ном хүмүүсийн ярихаас цээрлэдэг гэдэс гэгч энэ эрхтэн маань үнэндээ сайшааж магтууштай гайхамшигт үйлийн эзэн гэдгийг уншигчдад харуулах нь гарцаагүй.

Нийтлэл бэлтгэсэн: Редактор Г.Сугиррагчаа